Зээ энэ жил төсвийн талаар хамгийн урт удаан маргаж, шуугьсан жил болж байна даа. Юутай ч Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсны араас ЗГ чүүтэй айтай алдагдалгүй төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, ТБХ хэлэлцэхийг дэмжлээ. Үүний цаана юу байна вэ?
💭 Юу өргөн барив?
ЗГ энэ удаад 2025 оны төсвийн төсөл болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн ирэх оны төсвийн тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан. Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийн дагуу шинээр өргөн барьсан төсөв нь батлагдсан төсвөөс ₮2.3 их наядаар танагдаж байгаа.
Ингэснээр ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн ₮33.5 их наяд буюу ДНБ-ий 35.2%-тай тэнцэж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5%-ийн ашигтай байхаар тусгагдаад байна.
Алдагдалгүй, гэхдээ ⁉️
Манай сайдуудын ирэх онд зарцуулах төсөв анх батлагдахдаа 2024 оныхоос дунджаар 46% өсөхөөр батлагдсан. Харин шинэ төсвийн төсөлд энэ дүн буурав. Өөрөөр хэлбэл, шинэ төсвийн төсөлд тусгагдсан Ерөнхий сайд болон 16 яамны сайдын ирэх онд зарцуулах нийт төсөв хориг тавигдсан төсвөөс ₮1.8 их наядаар танагджээ.
🥲 Өнөөх данхар: Уг нь шинэ төсөвт бүх яамны зардал багассан байна. Ганц Ерөнхий сайдын зардлаас бусад нь. Түүний ирэх онд захиран зарцуулах төсөв хоригт орсон төсвөөс 43%, 2024 оныхоос 89.9%, 2023 оныхоос бүр 158.7% нэмэгдэж ₮627 тэрбум болсон аж.
📉 Хамгийн их таналт: Эсрэгээрээ Зам тээврийн хөгжлийн сайдын төсөв хамгийн ихээр буюу 33%-иар танагдав. Дараагаар нь төсөвт хамгийн их орлого оруулж ирэх яамдын 2-рт эрэмбэлэгдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсөв 31% багасаж ердөө ₮49 тэрбум болоодохжээ.
📜 Алдартан: ₮18.3 тэрбумын үнэгүй үзвэрийн саналаараа танигдсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдын төсөв ₮77.5 тэрбумаар танагдсан байна. Уг таналтад эрхийн бичгүүд нь багтаж буй.
Эцэст нь… Энэ жилийн төсөв ч бантан болж байна даа. Нэмээд Нийслэлийн төсөв нь улсын төсвийн учир олдоогүй байхад хаалттайгаар батлагдсан гэж байгаа. Төсөвт яригдаж байгаа бүх том дүнг та бид л татвараараа бүрдүүлэх тул төсөвтэй холбоотой мэдээллийг бүү алгасаарай. 🙏