Төсөв, утааны нүргээн дунд Монголын Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал бүдгэрсээр. Өнгөрсөн Пүрэв гарагт Арменийн ЗГ тус хэлэлцээрийг байгуулахыг дэмжээд буй. Үүнээс харахад энэ сардаа багтаан хэлэлцээр байгуулах магадлал тун өндөр байна.
💪 Орос: Онцгой давуу
Монголын татваргүй худалдаа хийхээр зэхэж буй орнууд бол хуучин ЗХУ-ын шүхэрт байсан Армени, Казакстан, Киргизстан тэргүүтэй 5 орон. Гэтэл тус холбооны дотоод худалдаа Оросоос бусад улсад төдийлөн ашиггүй.
🔎 Тодруулбал, ЕАЭЗХ-ны 2 дахь том эдийн засагтай улс болох Казахстаны энэ оны эхний 9 сард тус орнуудтай хийсэн худалдааны эргэлт $21 тэрбумд хүрсэн. Үүний $13.6 тэрбум буюу 64.7% нь импорт. Гэтэл нөгөө талд экспорт нь өнгөрсөн оны мөн үеэс 8% татарсан аж.
Монголд болон тус холбооны гишүүн орнуудад ажиглагдаж буй нийтлэг зүйл нь Оростой татваргүй худалдаа хийхийн тулд л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулдаг байдал. Гэсэн ч гарц нь оролтоосоо хэд дахин бага байгаад байдаг…
💭 Үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Монголын гол асуудал нь ижилхэн ХАА-н экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй улсуудтай татваргүй худалдаа хийж өөрсдийнхөө экспортыг өсгөх найдвар. Гэтэл Казакстан гэхэд улаан буудай, үхэр, хонь, адууны мах, Киргизстан ноос ноолуурын томоохон экспортлогчид байхад Монголоос эдгээр бүтээгдэхүүнийг авах уу, бид зөрүүлээд эсгий тавчик, янмалын оймос нийлүүлэх үү, адилхан өрсөлдөөд явах уу, гэдэг сонин.
📢 Уг асуудалд бизнес эрхлэгчдээс эхлээд УИХ-ын зарим гишүүд дотоодын үйлдвэрлэгчдийг дээсэн дөрөөн дээр дэнжгэнүүлэх нөхцөл байдал бүрдэхээс гадна “Айлын хөргөгчид хүнсээ хадгалуулах гэж байна” гэхчлэн байр сууриа илэрхийлж байгаа.
🤕 Хуруу шууд нүд рүү
Бид ганц Японтой л чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Тус хэлэлцээрийг байгуулаад 8 дахь жил рүүгээ орж байгаа ч өнгөрсөн хугацаанд экспорт биш худалдааны алдагдал л илт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-аас дотоодын үйлдвэрлэгчдээ хохироох ахин нэг хэлэлцээр байгуулах гэж яаралгүй нухацтай хандахыг сануулаад буй.
ЧХХ-д нэгдсэн улс орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах протекционист бодлого баримталж, ижил бараа бүтээгдэхүүний импортыг арай өндөр тогтоохоос эхлээд тэдгээр бараа бүтээгдэхүүнд өндөр стандарт, хатуу шаардлагыг тавих нь элбэг. Монгол шиг шууд татварыг нь бууруулаад алалц гээд үлдээдэггүй байх нь.
Энэ үзэгдэл өнгөрсөн 5-р сард Хятад цементийн импортын татварыг 5% болгон буулгахад ч харагдаж л байсан. Протекционист бодлогын хамгийн алдартай жишээ бол Дональд Трампын татварын бодлого шүү дээ.
Эцэст нь… ЗГ ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ гээд “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд татаас, урамшуулалд ₮279.2 тэрбумыг зарцуулчихсан. ЗГ маань төсвийн орлогоос ижил өрсөлдөгчтэйгөө хамтарч экспортоо нэмэгдүүлэх гэхчлэн тэнгэрт тулсан өөдрөг үзэлтэй. Бид ч ийм өөдрөг үзэлтэйгээр алс ирээдүйгээ харж амьдарвал сайхан сан…