Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Худалдааны дайн 2.0 айсуй

 

Ирж яваа цаг гэдэг шиг худалдааны дайн айсуй. Саяхан Америкаас Хятадад 10%, Канад, Мексикт 25%-ийн нэмэлт татвар ногдуулах талаар мэдэгдсэн бол хариуд нь Хятад Америк руу экспортолж буй зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдах онц чухал элементийн экспортоо хориглов.

Америкийн татварын бодлого 🆚 Хятадын экспортын хямрал

Трампын Хятадад ногдуулах 10%-ийн татвар бол ердөө л эхлэл. Тэрбээр ирэх жилүүдэд татвараа 60% хүртэл өсгөх нь тодорхой байгаа. Өнгөрсөн удаагийн худалдааны дайн 2018 оноос эрчимжиж тухайн онд 2 улс хоорондын бараа бүтээгдэхүүнд ёоз ёозоор нь татвар ногдуулж байв. Тус бодлогоороо Хятадын экспортыг 35%-40% агшаасан аж

🙉 Хятадын стратеги: Дасан зохицно доо…

Трампын бодлогод Хятад сөргүүлэн татвараа өсгөхөөс гадна өмнөх худалдааны дайнаас авсан сургамждаа тулгуурлан дотооддоо чип үйлдвэрлэл, AI, 5G зэрэгт анхаарч буй. Түүнчлэн дотоодын хэрэглээ болон гадаад худалдаагаа тэнцвэртэй байлгах “Хос эргэлт”-ийн стратегийг ч баримтлах болсон.

🦬 Өргөн сүлжээ: Цаашлаад “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Зүүн Өмнөд Ази, Латин Америк руу чиглэсэн худалдааны шинэ замуудыг өргөжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч байна.

🙆‍♂️ Намайг нал: Трамп Хятадаас гадна Канад, Мексикт нэмэлт татвар ногдуулж байгаагаас харахад худалдааны дайнд Хятад, Америкаас гадна тус 2 орон албан ёсоор татагдан орж байгаа мэт. Энэ нь Америкт урт хугацаандаа стратегийн алдаа болж тэдгээр орнуудыг Хятадтай нягт хамтрах боломж үүсгэхийг үгүйсгэх аргагүй.

🇲🇳 Харин Монголд

Монголын экспортын 91% нь Хятад руу чиглэж, тэр дундаа нүүрс, зэс дээр худалдаа тогтож буй. Хэрэв Хятад худалдааны алдагдлаа багасгахын тулд бусад орны импортыг хумих бодлого баримталбал Монголын төсөвт томоохон дарамт үүснэ. Гэтэл ЗГ ирэх оны анхны төсөвт түүхэн дээд буюу 83 сая тн нүүрс экспортолно гээд төлөвлөчихсөн. Энэ нь өнгөрсөн оны төсөөллөөс 20 сая тн-оор илүү дүн шүү.

🥶 Цаашдын төлөв: Хүйтэрнэ

Худалдааны дайн 2.0 зөвхөн эдийн засгийн асуудал бус геополитикийн томоохон сорилт болно гэдгийг өмнөх түүх хангалттай нотлох биз ээ. Дональд Трамп болон Ши Жиньпины бодлого нэг дэлхийд эвтэй найртай зэрэгцэн оршихын тулд Америк Тайванийн асуудлыг Хятадад үлдээх, Коммунист намын хүчийг сулруулахгүй, Хятадыг ардчилсан орон болгох гэж шахахгүй, эдийн засгийн өсөлтийг нь хязгаарлахгүй байх гэсэн 4 шугамыг давах ёсгүй. Гэхдээ эдгээр асуудал Америкийн гадаад бодлогод чухал эрэмбэтэй тул давахгүй байна гэдэг юу л бол…

ШУУД ДАМЖУУЛАЛТ