Мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдал зарлаж 6 цагийн хугацаанд тус улсад нэлээдгүй үймээн самуун дэгдээгээд авлаа. Ардчиллыг хамгаалах зорилготой гэж зарласан цэргийн онц байдал угтаа ямар мөн чанартай байв? Асуудлын гүн рүү өнгийцгөөе.
🔍 Талуудын байр суурь
Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн зарласан уг онц байдал Өмнөд Солонгосын сүүлийн 50 жилийн улс төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр сөрөг хүчний намын дарга Ли Жэ Мёны холбогдсон хэргүүдийг намынхан нь халхавчлах зорилгоор ЗГ-ын голлох албан тушаалтнуудыг огцруулах оролдлого хийж байна гэх хардлагаас үүссэн. Харин сөрөг хүчин бол төсвийн үргүй зардал болон авлигатай тэмцэж байгаа л гээд байгаа.
⚔️ Нэг ёсны дайн: Ерөнхийлөгчийн зарласан онц байдал нь хууль ёсны үндэслэлтэй ч иргэдийнхээ хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан тул тус онц дэглэмийг эсэргүүцэж жагсаал хийж болохгүй болж байгаа юм.
🏹 Буруу чиглэсэн сум
Тус асуудал 1 өдрийн дотор маш эрчтэй өргөжиж парламентын 300 гишүүн яаралтай хуралдаж тус асуудлыг 63.3% нь хүчингүй болгох санал өгснөөр уг зарлиг хүчингүй болсон аж. Үүний дараа Ерөнхийлөгчтэй холбоотой 7 туслах нь огцрох хүсэлтээ гаргаж, сөрөг хүчний зарим гишүүд Ерөнхийлөгчийн эсрэг импичмент зарлах санал гаргахаа мэдэгджээ. Дайран дээр давс нэмж 1 сая гишүүнтэй “Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ч Юн Сог Ёлийг огцортол хугацаагүй ажил хаялт зарлаад амжив.
😪 Би чамд дургүй: Сөрөг хүчний намын дарга бол Ерөнхийлөгчийн бодлогыг байнга шүүмжилж, дарангуйлагч гэж үздэг нэгэн. Харин солонгосчууд одоогийн Ерөнхийлөгчөө төдийлөн таашаадаггүйн дээр мэдрэмжгүй бодлого болон гэр бүлийнх нь өмссөн зүүснээс эхлээд байнга шүүмжилдэг.
Эцэст нь… Уг зарлиг гарсны дараахан ₩-н $-той харьцах ханш ₩20-оор суларсан бол онц байдал цуцлагдсаны дараа буцаж чангарав. Цаашлаад KOSPI (^KS11) индекс ч унаад амжлаа. Дээсэн дөрөөн дээр байгаа Юн Сог Ёл Ерөнхийлөгч суудалтайгаа үлдсэн ч ард иргэдийнх нь итгэл өдөр өдрөөр унах нь дамжиггүй. Харин огцорвол сүүлийн 76 жилийн хугацаанд бүрэн хугацаагаа дуусгаагүй 13 дахь Ерөнхийлөгч болох нь дээ.