АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын нийгмийн хамгааллын гэрээтэй орнууд

 

Өнгөрсөн 7 хоногт Монгол Австралийн хооронд нийгмийн хамгааллын анхан шатны уулзалт хийгдсэн. Улмаар ирэх оны 1-р сард эхний шатны хэлэлцээ болон хэлэлцээрийн төслийг боловсруулах төлөвтэй байна. 

2023 оны байдлаар Австралид 16,600 орчим монголчууд оршин сууж байгаагийн 10,000 орчим нь ажил эрхэлж буй.

💭 Өнөөгийн нөхцөл байдал

Одоогоор Монгол Орос, Өмнөд Солонгос, Чех, Унгар, Польш, Турк гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын гэрээ байгуулсан билээ. Тус гэрээний ачаар тэдгээр улсуудад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөхөөс сэргийлэхийн сацуу 2 улсын аль алинаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх зүйн нөхцөл бүрдээд буй.  

🇰🇷 Солонгос дахь Монголчууд: Монголчуудын хамгийн ихээр ажиллаж, амьдарч буй улсын нэг бол Өмнөд Солонгос. Энэ ч утгаараа 2 орны хооронд байгуулсан гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн ач холбогдлыг нэмэгдүүлж, тэдгээр иргэдийг эх орондоо буцсаны дараа ч тэтгэвэр авах эрхтэй болсон юм.

🇪🇺 Европын улсууд: Харин Чех, Турк, Унгар, Польшид ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо харьцангуй бага ч тэдний эрх ашгийг хамгаалах чухал ач холбогдолтой. Турктэй байгуулсан гэрээгээр л гэхэд тус улсад ажиллаж буй иргэд өндөр насны тэтгэвэр, оршуулгын тэтгэмж, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр авах боломжтой

📬 Боломжит гэрээнүүд 

Цаашлаад одоо байгаа Орос, Өмнөд Солонгостой хийсэн нийгмийн хамгааллын гэрээг шинэчилж, Казахстан, Австри улстай шинэ гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа. Түүнчлэн Швед, Япон, Канад зэрэг улстай хамтран ажиллах саналаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа сурагтай. 

🦷 Цоорхойтой: Дээрх гэрээнүүдэд шалгуур, олгох тэтгэвэр, тэтгэмжийг тодорхойлсон хэдий ч одоог болтол улс хоорондын даатгалын байгууллагуудыг холбосон нэгдсэн мэдээллийн систем байдаггүй. Уг нь ийм төрлийн мэдээллийн сан байснаар иргэдийн даатгалын түүхийг бүртгэх, хянах механизм бий болох юм. 

Эцэст нь… Улс орнууд гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ нийгмийн хамгааллын эрхийг хангах зорилгоор иргэдийнхээ олноор оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын гэрээ байгуулдаг. Европын холбооны зарим улсуудад бол олон улсын хамтарсан тэтгэврийн системийг ашигладаг. Ингэснээр иргэдийн төлсөн шимтгэлийн хугацааг илүү уян хатан, өргөн хүрээтэйгээр тооцдог тул хаа хаана аа бодитоор хэрэгжиж чаддаг аж. Харин манайд хэрэгжилт нь хэр байдаг бол? 

ШУУД ДАМЖУУЛАЛТ