Өнгөрсөн 7 хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсон. Одоо түүнээс юу хүлээх вэ?
📃 Танхимын үүрэг: Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжил, гадаад, дотоод худалдааг дэмжих, аж үйлдвэрийн өсөлтийг хурдасгах.
Зорилт 🆚 Бодит байдал
МҮХАҮТ байгуулагдаад 64 жилийн нүүрийг үзэж буй. Бүтэц нь бол УИХ-Удирдах зөвлөл-Тэргүүлэгчид-Ерөнхийлөгч гээд цааш 11 газар нэгжүүдэд хуваагддаг. Танхим бизнесийн орчныг сайжруулах, олон талын хамтын ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх зэрэг 6 чиглэлийн стратегийн зорилттой ч олон нийт бол ТОП-100 ААН-ийг тодруулдаг гэдгээр нь л сайн мэднэ. Түүнчлэн тэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжихийг эрхэмлэдэг.
‼️ Гэвч: Монголын бизнесийн орчин дунджаас доогуур, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ өнгөрсөн онд 2020 оны үзүүлэлтээс 8% буурсан. Нэмээд бизнесүүдийн зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрээд байна.
👔 Сүүлийн 10 жил: 4 дэх Ерөнхийлөгч
Энэ хүнд цаг үед МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгосноор сүүлийн 10 жилд 4 Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од нь “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд 9 нэр дэвшигчээс тэр дундаа “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайханаас илүүрхэж сонгогдсон. Одоо энэ хүн танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээж байна.
🪄 Юу хүсэх вэ?
МҮХАҮТ энэ онд л гэхэд EBRD-тай хамтран "Trade Mongolia" цахим хуудсыг хөгжүүлэх, МҮХАҮТын дотоод цахим системийг шинэчлэх, гарал үүслийн гэрчилгээний вэб хуудсыг ашиглалтад оруулах, блокчейнд байршуулах зэрэг 6 бүлгийн ажлыг багтаасан үндсэн чиглэл баталсан. Гэхдээ яг энэ ажлыг хийж ийм үр дүнд хүрнэ гэсэн тодорхой хэмжигдэхүйц үр дүн нь тодорхой бус.
Эцэст нь… Бид МҮХАҮТ-аас яг үүргийнхээ дагуу хувийн хэвшлийн хөгжлийг тодорхой үр дүнтэйгээр сайжруулж ажиллахыг л хүсэж байна даа.