ХААН Банк (KHAN) 2023 оноос хэрэгжүүлж буй “Green database” төслийн хүрээнд ногоон дата платформоо танилцууллаа.
Сүүлийн 2 жилд ногоон санхүүжилт, зээл эрчимтэй яригдаж байгаа ч иргэдийн дунд яг юуг ногоон зээл гэх, ямар шалгуур хангасан байх ёстой зэрэг олон асуулт гарч ирдэг. Тус платформ нь ногоон зээлтэй холбоотой асуултуудад хариулах хөтөч нь байх гэнэ.
🍀 Ногоон туршлага
Тус платформ дээр иргэд рүү чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн гэж юу болох, хэрхэн ногоон зээл авах зэрэг ногоон зээлийн ойлголтуудыг өгөх хэсгээс гадна ААН-үүд бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтээ илгээх, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулгыг оруулах гэхчлэн оролцогч талуудыг холбох гүүр болж буй. Улмаар тус платформ дээр хэдийнээ 500 гаруй ногоон бүтээгдэхүүн, 130 гаруй хамтрагч байгууллагууд, 240 гаруй ногоон санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд багтсан байна.
🪺 Тэдний туршлага: ХААН Банк өнгөрсөн жил Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн болох ногоон бонд гаргаж зах зээлээс $25 саяыг амжилттай татан төвлөрүүлсэн байдаг.
🍏 Илүү ногоон: Банк ийн тусгайлсан чиглэлээр бонд гаргаснаар тогтвортой хөгжил, ногоон зээл олголтоо нэмэгдүүлэх хөшүүрэг болно гэсэн үг.
🆙 Тэгвэл $KHAN-н ногоон зээл хэр нэмэгдэв?
Энэ оны эхний 9 сарын байдлаар ХААН Банкнаас олгосон ногоон зээл өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 61% өсөж ₮627 тэрбумд хүрээд байна. Тус банкны ногоон зээлийн хэмжээ эрчтэй нэмэгдэж байгаагийн сацуу системийн банкнуудын нийт ногоон зээлийн багцын 50% гаруй дангаар бүрдүүлж буй.
🏃🏻➡️ Сонирхуулахад, Монголбанк 2030 он гэхэд банкнууд нийт зээлийн багцынхаа 10%-ийг ногооруулах зорилт дэвшүүлсэн бол ХААН Банк тус зорилтот хугацаанаас 4 жилийн наана буюу 2026 он гэхэд 10%-иа ногоон зээл болгохоор зорьж байгаа гэнэ дээ.
Эцэст нь… ХААН Банкны танилцуулсан Ногоон бонд, дижитал платформ зэрэг шинэ бүтээгдэхүүн, шийдлүүд дотоодод тогтвортой санхүүжилтийн жишиг тогтоох боломжийг бий болгож байгаа бол олон улсын хөрөнгө оруулагчдыг татах бас нэгэн суваг. Дэлхий даяар ногоон санхүүжилт, шилжилтийг онцолж байхад бид ч санхүүжилтээ шийдэж, ногоон төслүүдээ эрчимжүүлэхгүй бол горьгүй нь…