АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Даатгалын салбарын нээлттэй компанийн тоо нэгээр нэмэгдэнэ

 

Тэнгэр Даатгалын IPO эхлээд 1 хоног өнгөрлөө. Одоогоор анхдагч зах зээлийн захиалгын явц нь 83.5%-д хүрээд байна. Энэ IPO-г шинжье. 

✋ Даатгал: 4+1=5

Одоогоор МХБ (MSE) дээр бүртгэлтэй 4 даатгалын компани бий. Үүнээс Мандал Даатгал (MNDL) ганцаараа ТОП-20 индексэд, Ард Даатгал (AIC) болон Бодь Даатгал (BODI) I ангилалд, Монгол Даатгал (MDIC) II ангилалд тус тус багтаж буй. Харин Тэнгэр Даатгал $MDIC-тэй хамт II ангилалд багтах юм. Ингэснээр МХБ дэх даатгалын салбарын компани 5 болох нь. 

💰 ₮244.8 тэрбум + ₮48 тэрбум: Одоогоор олон нийтэд нээлттэй болсон 4 даатгалын компанийн нийт зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээрээ ₮244.8 тэрбум байгаа. Уг нь оны эхэнд ₮254.7 тэрбум байсан ч 3.9% унасан хэрэг. Харин Тэнгэр Даатгалын зах зээлийн үнэлгээ IPO хийснийхээ дараа ₮8 тэрбумаар нэмэгдэж ₮48 тэрбум болох юм.

🤔 ₮10 тэрбумыг 5 чиглэлд

Заа одоо шинэхэн IPO-н танилцуулга руу оръё. Тэнгэр Даатгал олон нийтэд 20.83%-иа санал болгож байгаа. Тэдний нэгж хувьцааны үнэ ₮800 бөгөөд нийт ₮10 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Үүнийхээ дийлэнх буюу 48%-иар нь борлуулалтаа дэмжиж, үлдсэн хэсгийг Мандал Праявит Экүити хувийн ХОС-гийн эзэмшиж буй хувьцааны төлбөр, сунгалтын систем болон апп хөгжүүлэлт, харилцагчдын боловсролыг дэмжих маркетинг, бусад хөрөнгө оруулалт гэсэн нийт 5 хэсэгт зарцуулах гэнэ. 

🔀 Бүтцийн өөрчлөлт: Тэнгэр Даатгал 2022 онд Мандал Санхүүгийн Нэгдэлийн охин компани болсон тул одоогоор тэдний 51%-ийг Мандал Санхүүгийн Нэгдэл, 40%-ийг Мандал Праявит Экүити ХОС эзэмшиж байгаа. Харин IPO-н дараа энэ дүн харгалзан 43%, 29% болж буурах аж. 

20/80: Түүнчлэн тэд олон нийтээс хөрөнгө оруулалт татахдаа нийт татан төвлөрүүлэх дүнгийн 20%-ийг олон нийтэд, 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгоно. 1 стратегийн хөрөнгө оруулах доод хэмжээ ₮100 сая гэсэн шүү. 

🌌 Төсөөлөл: Тэнгэр Даатгалын даатгалын орлого 2023 онд ₮10.5 тэрбум байсан бол 2028 он гэхэд 2.9 дахин нэмэгдүүлж ₮30.5 тэрбумд хүргэх нь. Цэвэр ашгийн хувьд тус хугацаанд 2.7 өсөж ₮13.8 тэрбум болох аж.  

Эцэст нь… Тэнгэр Даатгалын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол ЭНД байгаа танилцуулгыг сайтар хараарай. 2021-2023 онд харилцагчдын тоо нь 51.6% буурсан ч 1 гэрээний дундаж дүн нь 148.7% өссөн зэрэг анхаарал татсан үзүүлэлтүүд байна лээ шүү.   

ШУУД ДАМЖУУЛАЛТ