Энэ 12-р сард Монгол Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны чөлөөт худалдаанд нэгдэх түр хэлэлцээр хийгдэх төлөвтэй байна. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа хэлэлцээрээ хийж чадвал ирэх онд соёрхон баталж 3 жилийн хугацаанд буюу 2028 он хүртэл хүчинтэй байх юм.
📰 ЕАЭЗХ өмнө нь Иран, Вьетнам, Сербитэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бол одоо Монгол, Индонез, АНЭУ, Египет тэргүүтэй 6 улстай худалдааны хэлэлцээр байгуулахаар эцсийн шатны хэлэлцүүлгээ хийж буй. Одоогийн байдлаар Евроазийн чөлөөт худалдааны бүсэд Орос, Хятад, Сингапур, Казакстаны хамтаар 10 улс нэгдээд буй.
🫷 Монголоос бусдыг нь ирэх онд
Саяхан Оросын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук “Энэ ондоо багтан Индонез болон АНЭУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж амжихгүй байх магадлалтай ч Монголынхыг энэ ондоо багтаан байгуулахаа” мэдээлсэн. Процессын хувьд өнгөрсөн 9-р сард Евразийн эдийн засгийн комиссын зөвлөл бидэнтэй хийх худалдаагаа хөнгөвчлөх, өргөжүүлэх зорилготой түр хэлэлцээрийн төслийг эцэслэн баталж байв.
Татвар 0%: Тус төсөлд талууд 375 нэр төрлийн барааны гаалийн татварыг ямар ч тохиолдолд “0” байхаар тогтоосон. Энэ дундаа Монгол тус холбооны орнуудаас импортолж буй бараг бүх гол нэрийн бараа буюу чихэр, сүүн бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн, авто тээврийн хэрэгсэлд давуу эрх олгох бол хариуд нь мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир зэрэг ХАА-н бүтээгдэхүүнийхээ татварыг хөнгөлүүлэхээр тохиролцжээ.
🤝 Хүлээгдэж буй боломж: Үр дүнд нь урьдчилсан тооцооллоор Монголоос ЕАЭЗХ-ны орнууд руу чиглэсэн экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, 3 жилийн хугацаанд $150 саяын ашиг олох боломжтой л гэнэ.
Эцэст нь… Тус холбоо Евроазийн чөлөөт худалдааны бүс гэсэн том нэртэй ч угшил нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени, Казакстан, Киргизстан, Беларусь гэсэн 4 улсын хамтаар үүсгэж байсан. Нидэр дээрээ Оросын ЕАЭЗХ-ны орнуудтай хийсэн худалдаа бусад улсуудынхаас хамаагүй бага төдийгүй 2021 онд ЕАЭЗХ-ны худалдааны эргэлт $73 тэрбумд хүрсний 72% нь рублиэр хийгдсэн. Монгол шиг жижиг зах зээлтэй улсад 5 улс руу татварын хөнгөлөлттэй худалдаа хийх нь ашигтай ч хэрэгжилт нь ямархуу байхаар тохиролцсон юм бол доо.