Хөрөнгийнхөө 99%-ийг хандивлана хэмээн тэртээ 2006 онд амлаж байсан Уоррен Баффет гэрээслэлээ ахин шинэчлэлээ.
🕊️ Өгөөмөр тэрбумтнууд: Тэрбээр 2006 оноос эхлэн өөрийн хөрөнгийг хандивлаж эхэлсэн бөгөөд 2010 онд Билл Гейтс болон түүний экс гэргий Мелинда Гейтстэй хамтран тэрбумтнуудыг дор хаяж хөрөнгийнхөө 50%-ийг хандивлах “Giving Pledge” санаачилгыг эхлүүлж, үүнд нэгдэхийг уриалах болсон юм.
👑♟️ Өв залгамжлал ба шалгуур
Өдгөө 94 настай Уоррен Баффет өнгөрсөн Даваа гарагт өөрийн гэр бүлийн 4 санд Berkshire Hathaway (BRK-B)-н $1.1 тэрбумын үнэлгээ бүхий хувьцааг хандивлаж буйгаа мэдэгдсэн. Түүний хуучин гэрээслэлд 3 хүүхэд нь түүнийг нас барснаас хойш 10 жилийн дотор нийт хөрөнгийнх нь 99% буюу $147.4 тэрбумыг буяны үйлсэд санал нэгтэйгээр зарцуулахаар тусгаж байсан.
👑 Залгамжлагчдын залгамжлагчид: Харин энэ удаад хэдийнээ насан өндөр болсон хүүхдүүдийнхээ ч залгамжлагчдыг тодруулав. Учир нь түүний том охин өдгөө 71 настай бол 2 хүү нь 69 болон 66 настай бөгөөд түүний асар их хэмжээний хөрөнгийг 10 жилийн дотор хандивлаж чадахгүй байх вий хэмээн эргэлзсэн бололтой.
👔 BRK-н ирээдүйн CEO: Харин өнгөрсөн 5-р сард $1 их наядын үнэлгээтэй Berkshire-н эзэнт гүрний шинэ зууныг Грег Абэл удирдах нь тодорхой болсон. Тэрбээр Berkshire-д 25 жил зүтгэсэн нэгэн бөгөөд Уоррен Баффет түүнийг даатгалаас бусад бүх бизнесийг нь өлхөн авч явах чадварлаг нэгэн хэмээн хэдэнтэй хэлж байв.
Хувьцаагаа ийн хандивласан ч Уоррен Баффет Berkshire-н 14.4%-ийг эзэмшсэн хэвээр байгаа бөгөөд насан эцэстлээ үлдсэн хөрөнгөө 5 санд үргэлжлүүлэн хандивлах аж. Өдгөө түүний хөрөнгө $150 тэрбумаар үнэлэгдэж байгаа бөгөөд хөрөнгөө хандивладаггүй байсан бол $364 тэрбум орчим хөрөнгөтэй нэгэн байх байжээ.
📨 Уоррен Баффетын захиас
Тэрбээр гэрээслэлдээ “Надад эзэнт гүрэн байгуулж, хүүхдүүддээ дааж давахгүй хөрөнгө өвлүүлэх төлөвлөгөө байхгүй. Асар их хөрөнгө ирээдүй хойч үеэ залхуу, хүсэл тэмүүлэлгүй болоход хүргэдэг. Би тэдэнд бүхнийг хийж чадах хэр нь, юуг ч хийж чадахгүй хэмжээний мөнгийг үлдээнэ” хэмээсэн байдаг. Мөн ямар ч хэмжээний хөрөнгө үлдээж байсан гэрээслэлдээ гарын үсэг зурахын өмнө хүүхдүүддээ уншуулж байгаарай хэмээн захижээ.
Эцэст нь… Өдгөө Америкийн ТОП-500 компанийн CEO нарын 10% гаруй нь л Уоррен Баффет шиг өөрийн хөрөнгөө буяны санд хандивлах амлалт өгөөд буй. Энэ дунд Марк Зукерберг хөрөнгийнхөө 99%, Тим Күүк бүхэлд нь, Илон Маск тодорхой хувийг гэхчлэн амлалтууд өгч байжээ. Таны бодлоор тэрбумтнууд хөрөнгөө хандивлах нь зүйн хэрэг үү, аль эсвэл насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгөө хэрхэх ээ өөрөө мэдэх нь зүйн хэрэг гэж боддог уу? Аль нь вэ? Яагаад?