Орон сууцны ипотекийн зээлийг сонирхож байгаа хүмүүст сонирхолтой судалгааны тойм хүргэе ээ. 2013 оноос хойших 11 жилийн хугацаанд юу болоод байна вэ?
₮9 их наяд ➡️ 121 мянган зээлдэгч
Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээл авагсдын тоо 121 мянгад хүрсэн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл нь ₮9.1 их наяд байгаа. Нийт үндсэн зээлдэгчдийн дийлэнх нь буюу 42% нь 35-45 насныхан аж. Түүнчлэн ипотекийн зээл авагсад дунд бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажил эрхлэгчид зонхилж байгаа юм.
📌 Үр дүн: Одоогийн нөхцөл байдлаас том зургаар нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй хөтөлбөрийн үр нөлөөг харвал сүүлийн 10 жилд орон сууцанд амьдардаг өрхийн хэмжээ 40.2%-иас 51.2% болж нэмэгдсэн. Үүнээс гадна тус хөтөлбөрөөс шалтгаалж барилгын салбар 2.5 дахин тэлжээ.
‼️ 3 үг: Дутмаг, Өсөлт, Сөрөг
Харж байгаачлан ипотекийн зээлийн хөтөлбөр үр дүн гаргасан уу гэвэл мэдээж гаргасан. Гэхдээ хэд хэдэн асуудал бий. Юуны түрүүнд хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байгаагаас үүдэн 2023 оны байдлаар ипотекийн зээлийн хүртээмж 40% буурсан. Үүнээс үүдэн Монголын хатуу, хүтүүг үл ажран дунджаар 5-аас дээш жил урьдчилгаа төлбөрөө цуглуулдаг иргэд маань хөнгөлөлттэй хүүтэй зээлээр орон сууц авах гэж 1-2 жил хүлээж буй.
☁️ Тэнгэрт хөвөх үнийн өсөлт: Улаанбаатар худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ 2022 оны 10-р сараас энэ оны мөн үе хүртэл 38.5% өсөж ₮4.6 сая болоод байна. Иймээс орон сууцны үнэ иргэдийн орлоготой харьцуулахад 2-2.5 дахин үнэтэй болчхож байгаа юм.
🤦♀️ Төрийн оролцоо = Сөрөг: Төрөөс орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилгоор уг зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч нь болжээ. Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг 8%-иас 6% болгож бууруулсан нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг өсгөн иргэдэд ирэх төлбөрийн ачааллыг бууруулах биш харин ч 16% өсгөсөн байна.
Эцэст нь… 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэнэ. Дан эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого нь хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж байгаа мэт боловч эрэлт, үнийг тэнгэрт хадааж хөнгөлөлттэй хүүтэй ч илүү үнэтэй орон сууцыг бий болгож байна.