“Хөгжмийг хүн бүрд” уриатай Spotify (SPOT)-г өнгөрсөн III улиралд дэлхий даяар нийт 640 сая хүн буюу Монголын хүн амыг 184 нугалсантай дүйх хэмжээний хүмүүс ашиглажээ. Сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь ийм өндөр байдаг компанийн ашиг, орлого хэд байдаг бол?
🧮 Санхүүгийн тайлан
Компани өнгөрсөн III улиралд нийт идэвхтэй хэрэглэгчийн тоогоо өнгөрсөн оны мөн үеэс 11% өсгөж чадсан бол төлбөртэй хэрэглэгчдийнх нь тоо 12% өсөж 252 саяд хүрээд буй. Улмаар орлого нь 19% өсөж €4 тэрбумд хүрсэн бөгөөд тус хугацаанд компани €1.2 тэрбумын ашигтай ажилласан байна. Орлого ашиг нь €-гоор илэрхийлэгдсэн байгааг анзаарч байна уу? Шведийн компани болохоор тэр шүү.
🍾 Зөв бодлого: Spotify энэ онд AI шийдэл нэвтрүүлж, дууны үгийг зөвхөн төлбөртэй хэрэглэгч нарт харагддаг болгосон төдийгүй хэрэглэгч тус бүрийн хөгжмийн мэдрэмжид зориулсан “Daylist”-г санал болгох болсон. Тэдний энэ онд нэвтрүүлсэн хэрэглэл, шийдвэрүүд нүдээ олсон гэдгийг ашгийн маржин нь түүхэн дээд түвшин болох 31%-ийг зааснаас харж болох юм.
🙇 Гүйцэтгэх захирлын талархал: Ээлжит улирлын тайлан нь эерэг гарсантай холбоотойгоор Spotify-н CEO Даниел Эк “Бид хэзээ хэзээнийхээс илүүтэй зах зээлд хүчтэй байр суурь эзэлж байна. Цаашид Spotify-г бусдаас ондоо болгодог зүйлсийг өнгөлж, тордон илүү инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлнэ” гэв.
⌛ Хэзээнээс тэлж эхлэв?
Spotify 2021 оноос эрчтэй тэлэх бодлого баримталж тухайн жилдээ нэмэлтээр 83 орны зах зээлд албан ёсоор нэвтэрч байв. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том, далайцтай тэлэлт байсан бөгөөд үүний ачаар хэрэглэгчийн тоогоо 1 тэрбумд хүргэх боломж бүрдэж байсан юм. Хэдийгээр тус апп-ийн хэрэглэгчийн тоо түүхэндээ 1 тэрбумд хүрч байгаагүй ч өдгөө зорилтынхоо 64%-д хүрч нийт 237 оронд Spotify-г ашиглаж байгаа.
🧐 Монголд
Spotify болон Монголын харилцаа 3 жилийн өмнө эхэлж байсан ч өдгөө 250,000 хэрэглэгчтэй болсон гэх албан бус мэдээлэл бий. Тэднээс гадна Монголын хөгжмийн стриймингийн зах зээлийг том зургаар нь харахад 2015 онд Apple Music, 2020 онд M+ Music тус тус хэрэглээнд нэвтэрч байжээ. Уншигчид маань тус 3 апп-аас алийг нь хэрэглэж байна?