Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Монголын эдийн засаг улсын төсөв, урсгал тэнцлийн хос алдагдалтай байна

Ирэх оны ₮1.9 их наядын алдагдалтай төсөв батлагдаад байгаа энэ үед оны эхний 9 сарын урсгал данс $1.4 тэрбумын алдагдал хүлээгээд байна. Үүний үр дүнд ямар нөхцөл байдал үүсэх вэ? 

😓 Алдагдлаараа хосолно

Улсын төсөв болон урсгал тэнцлийн аль аль нь алдагдалтай байх нөхцөлийг эдийн засагт "Хос алдагдал" гэж үзнэ. Манайд энэ үзэгдэл ноёлоод удаж байна. Төсөв л гэхэд 2000 оноос хойших 24 жилийн 18-д нь алдагдал хүлээсэн. Энэ 18 жилийн алдагдал нийлээд ₮19.7 их наядыг давжээ. Угаас жил бүр алдагдалтай төсөв баталж байхад төсөв алдагдалд хүлээхгүй гээд яах вэ дээ.  

⚠️ Тогтмол алдагдалтай урсгал: Нөгөө талаас Монголын гадаад ертөнцтэй хийж буй бараа, үйлчилгээний худалдаа, шилжүүлгийн бүх урсгалын нийт тэнцлийг илэрхийлж байгаа урсгал тэнцэл тогтмол алдагдалтай гарч буй. Өөрөөр хэлбэл манай валют гадагшаа урсаад байгаа хэрэг. 2019 оны 1-р сараас хойш 69 сар өнгөрсөн байхад үүний 76.8%-д нь буюу 53 сард нь урсгал тэнцэл алдагдал хүлээв

🌀 Алдагдлын хэлхээ: Тэгэхээр манай эдийн засаг ерөнхийдөө алдагдлын тойрогт орсон буюу төсвийн өндөр алдагдал нь бараа, үйлчилгээний импортыг өдөөх замаар урсгал тэнцлийг алдагдалд оруулж буй. Энэ тойрог нь эдийн засгийг тогтворгүйжүүлж төгрөгийн ханш буурах, инфляц болон гадаад өр өсөх гүн ангал рүү түлхэж байгаа гэсэн үг. 

⁉️ Тана, багасга

Дийлдэшгүй инфляцтай, бүтэхгүй улс гэж муулдаг Аргентин яг Монголын жишгээр жил бүр алдагдалтай төсөв баталж, алдагдлаа зээл болон мөнгө нийлүүлэх замаар дарж буй. Тэдний өнгөрсөн оны төсвийн алдагдал л гэхэд $10.4 тэрбумд хүрсэн. Ингэж явсаар тэдний инфляц 209% руу нисээд байна. Тэгэхээр Монгол Аргентины жишгээс хазайж төсвийн алдагдал, зардлыг бууруулах ёстой байтал төсвөө танах санал гаргасан хэд нь хүчин мөхөстөж данхар төсөв данхайдгаараа данхайсаар.  

Төгсгөлд нь дурдахад, Монголын эдийн засгийг өөд нь татаж байгаа нүүрсний үнэ 2022 оны оргил үеэсээ 69% буучихсан байгаа шүү, нөхөөд. $5  тэрбумыг даваад байсан ГВУН ч $4.7 тэрбум руу буурсан. Гадаад өр ч 4 жилийн өмнөхөөсөө 13% өссөн. Ийм байхад бид алдагдалтай төсөв баталсаар, зардлаа өсгөсөөр, инфляцаа өрдсөөр. Юу ч гэх вэ дээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ