АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголчууд өдөрт 9.5 цаг унтаж байна

Та хоногийн 24 цагаа яаж хуваарилдаг вэ? Монгол хүн дунджаар 24 цагийн 51%-ийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8%-ийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1%-ийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж буй. Үүнийг дэлгэрүүлж харъя. 

🔍 Судалгаа: ҮСХ 4 жил тутамд Цаг ашиглалтын судалгааг боловсруулж 12+ насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж буй. Энэ удаагийн судалгаанд 23,394 өрхийг хамруулжээ.

Монголчуудын 1 өдрийн дүрэм 🎲 20:40:20

Судалгааны үр дүнгээс харахад бид 1 өдрийнхөө дунджаар 4.6 цаг буюу 19.2%-ийг ямар нэгэн байдлаар цалин, хөлстэй ажил хийхэд зарцуулдаг бол 3.5 цагийг хөлсгүй хөдөлмөр буюу хоол хүнс бэлтгэх, гэр цэвэрлэх мэтэд зарцуулдаг аж.  

😴 Унтах цаг 9.5: Харин дийлэнх буюу бүхэл бүтэн 9.5 цагийг унтахад зарцуулж байгаа хэр нь ердөө 32 минут буюу 24 цагийнхаа 2.2%-ийг л боловсролд шингээдэг байна. Тэгэхээр бидний хоногт унтах хугацаа Өмнөд Солонгосчуудаас л гэхэд 2 цагаар илүү байгаа юм. 

Ингэснээр 24 цагийн 12.9% буюу 3.1 цаг нь чөлөөт цаг болж үүнийхээ 51%-ийг сошиал ашиглахад, үлдсэн хэсгийг урлаг, спорт, хүмүүстэй харилцахад үрдэг аж. Харин 11.3% буюу 2.7 цагийг хувийн хэрэгцээндээ зарцуулж буй. Үүнд хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих ажлууд багтана. 

🆚 Алга дарам ялгаа 

Цаашлаад, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цаг зарцуулалт нэлээд ялгаатай байгаа юм. Тодруулбал, хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр эрэгтэйчүүд 7 хоногийн 1 өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулдаг бол эмэгтэйчүүдийнх үүнээс 54 минутаар их. Гол нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зориулж буй.  

🎭 Бүр өөр нөхцөл: Түүнчлэн 3 хүүхэдтэй эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд хоногт 6.3 цагийг зарцуулж байгаа нь хүүхэдгүй эмэгтэйчүүдээс 114.2%, яг адил 3 хүүхэдтэй эрчүүдээс 153% өндөр байна.

Эцэст нь… Энэ үзүүлэлтээс хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ. Унтах, утсаа маажих цаг их ч боловсрох цаг багатай Монголчууд аа гэж.

ШУУД ДАМЖУУЛАЛТ