Долларын индекс (DXY) 2024 он гарснаас хойш 4% өсөж $106-т хүрээд байна. Тус индекс өнгөрсөн 10-р сард сүүлийн 10 сарын дээд цэгтээ хүрч байсан ч түүнээс хойш уруудсаар 2023 оныг өндөрлүүлж байв. Энэ онд хэрхэх бол?
Долларын сагс: Долларын индекс нь евро, иен, Канад доллар тэргүүтэй 6 валютаар сагсаа бүрдүүлдэг бөгөөд тус индексэд евро хамгийн их буюу 57.6%-ийн жин дардаг. Харин иен 13.6%, фунт 11.9%, Канад доллар 9.1%, Швед крон 4.2%, Швейцар франк 3.6% тус тус эзэлдэг аж.
$: Чангарна
Долларын чангаралд ХНС бодлогын хүүг тогтмол 5.5%-д барьсан нь нөлөөлж байгаа. Улмаар Америкийн ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж эхний 4 сард 0.8 нэгж хувиар өсөн 4.6% болсон. Задлан харвал,
Түүхэн сулрал: Доллар иений эсрэг өнгөрсөн онд 8.2% чангарсан бол 2024 гарсан эхний дөрөвхөн сард 9.9% чангарч $1=¥154 болж түүхэн дээд оргилдоо хүрсэн.
Суларсаар: Уг нь өнгөрсөн сард Японы төв банк сүүлийн 17 жилд анх удаа сөрөг байсан бодлогын хүүгээ өсгөж 0.1%-д хүргэсэн юм. Гэсэн ч иений ханш хүчирхэгжих нь байтугай улам сулраад л байгаа.
Бусад нь яав? Цаашлаад, доллар Швейцарын франкийн эсрэг 8.5%, Шведийн кроны эсрэг 8%, Канад долларын эсрэг 3.5% тус тус чангарсан байна. Харин тус хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 0.7% чангарч ₮3,376-т хүрчээ.
2024 оны төлөв
Долларын индекс 2024 оныг харьцангуй сайн эхлүүлсэн ч ХНС-гаас энэ онд бодлогын хүүг 2-3 удаа бууруулах төлөвтэй байгаа. Хэрэв ийм шийдвэр гарвал долларын индекс уруудаж болзошгүй. Гэсэн ч нөгөө талд ЕХ бодлогын хүүгээ 2024 онд бууруулах төлөвтэй байгаа. Хэрэв тэд ХНС-гаас түрүүлээд бодлогын хүүгээ бууруулбал энэ нь долларыг улам л хүчирхэгжүүлэх магадлалтай юм.
Макро үзүүлэлтүүд: Маргааш Америкийн I улирлын ДНБ-ий үзүүлэлт, 7 хоногийн дараа ХНС-гийн ээлжит бодлогын хүүгийн шийдвэр гарахаар байгаа. Шинжээчид Америкийн ДНБ-ий үзүүлэлтийг эхний улиралд өмнөх улирлаасаа 1.3 нэгж хувиар буурч 2.1% өснө хэмээн таамаглаад байна.
Эцэст нь… Удахгүй зарлагдах ДНБ үзүүлэлт болон бодлогын шийдвэр доллар энэ онд хэр хүчтэй эсвэл сул байхыг таамаглах цонх шүү. Анзаараарай. 🙄