Монголын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг өөд нь татаж байгаа Оюу толгойн олборлолт, үйл ажиллагаа, хувь нэмэр нь юу болж байгаатай танилцъя.
📈 Илүү их үйлдвэрлэл
Гүний уурхай ашиглалтад ороод 20 сар болжээ. Үүнээс хойш Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл алгуур нэмэгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн III улиралд нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 50 мянган тн-д хүрсэн нь жилийн өмнөхөөс 19%, 5 жилийн өмнөхөөс 76.1% тус тус өссөн дүн юм.
‼️ Гэхдээ: Оюу толгойн гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотойгоор III улирлын зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө нэмэгдсэн ч өмнөх улирлаасаа 4.8% буурсан юм. Учир нь засвар болон цаг агаарын таагүй байдал нь ил уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж боловсруулсан хүдэр нь тус хугацаанд 20.8% багасжээ.
🗻 Гүний амжилт: Харин гүний уурхайн хувьд тайлант хугацаанд 0-р Панел нийт 120 хүдэр буулгуурыг нээж, 6-г нь ашиглалтад оруулсан байна. Улмаар гүний уурхайгаас 2.05%-ийн дундаж зэсийн агуулгатай 1.5 сая тн хүдэр, ил уурхайгаас харьцангуй бага буюу 0.39%-ийн дундаж агуулгатай 7.4 сая тн хүдэр боловсруулсан аж.
💰 ₮11.7 их наядын татвар
Түүнчлэн Оюу толгойн төлсөн татвар, хураамж, бусад төлбөрийн хэмжээ III улиралд ₮363 тэрбумд, 2010 оноос хойш тооцвол ₮11.7 их наядад хүрсэн байна. Тэгэхээр 2010 оноос хойш тооцсон дүн нь жилийн өмнөхөөсөө л гэхэд 18.2% нэмэгдсэн хэрэг.
🌱 Тогтвортой хөгжилд: Түүнчлэн Оюу толгой тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд зөвхөн өнгөрсөн улиралд л гэхэд ₮17.7 тэрбумийг, 2015 оноос хойш ₮178.5 тэрбумын санхүүжилт олгожээ. Үүний ихэнх хэсэг буюу 14.1% нь орон нутгийн бизнесийн хөгжилд чиглэсэн байна.
Эцэст нь… Оюу толгойн нөхцөл байдал нэг иймэрхүү байна даа. Өмнөговийн эдийн засгаа ч дэмжиж 2010 оноос хойш нийт ₮4.7 их наядын бараа, үйлчилгээ авсан нь тус аймгийн 2023 оны ДНБ-тэй дүйж буй.