Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE) ирэх Мягмар гарагт эхэлж 11 сарын 10-ныг хүртэл Шанхай хотод зохион байгуулагдах гэж байна. Хятад тус экспог 2018 оноос хойш тасралтгүй буюу Ковидын жилүүдэд ч уламжлал болгон зохиож байгаа билээ.
🌉 Импортод суурилсан платформ
Тус экспод энэ жил дэлхийн 128 гаруй орноос 3,400 орчим оролцогч оролцох төдийгүй экспо болох нийт талбайн хэмжээ 500,000 м.кв-г хамарч буй. Энэ нь Сүхбаатарын талбайгаас даруй 16 дахин их талбайг хамарсан гэхээр тус экспог хэр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг нь харагдах биз ээ.
👍 Шинэ + хэрэгцээт техник, технологиуд: Экспогоор ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи, автомашинаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тээвэр логистикийн гэхчлэн олон төрлийн хэрэгцээт, сонирхолтой бараа бүтээгдэхүүн, техник, технологиор дүүрэн байна гэнэ шүү.
🔝 Өсөн нэмэгдсээр: Өнгөрсөн жил тус экспогийн үеэр хийгдсэн худалдан авалт болон хэлцлийн дүн 2022 оноос 6.7% өсөж $78.4 тэрбумд хүрснээр түүхэн дээд амжилт тогтоож байв.
🌐 Дэлхий нийтийг хамарсан худалдааны экспо
Үүнээс гадна Хятад жилдээ 2 удаа дотоод болон гадаадын бизнес эрхлэгчдийг холбосон “Canton Fair” худалдааны экспог зохион байгуулдаг. Тус экспог Хятад бүр 1957 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр л өргөн цар хүрээ, нүсэр зохион байгуулагддагаараа дэлхийд зартай даа.
Эцэст нь… Дэлхийн өнцөг булан бүрээс Хятадад зохион байгуулдаг үзэсгэлэн худалдааг зорих бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр л байна. Нөгөө талдаа эдгээр үзэсгэлэн худалдаа, экспонууд тус улсын төдийгүй дэлхийн худалдаа, эдийн засгийн дипломат харилцааг өргөжүүлэх хүчирхэг хэрэгсэл болсон хэвээр. Ялангуяа өрнийн орнууд Азийн зах зээлийг Хятадаар харж байгаа үед “CIIE” болон “Canton Fair” шиг экспонууд бизнесээ Азид өргөжүүлэхэд нь томоохон хөшүүрэг болдог нь гарцаагүй.