АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголд 1 иргэн дунджаар ₮5.1 саяын хадгаламжтай байна

Өнгөрсөн оны байдлаар Монголд 1 иргэн дунджаар ₮5.1 саяын хадгаламжтай байгаа аж. Өөрөөр хэлбэл нийт иргэдийн хадгаламжийн хэмжээ жилийн өмнөхөөс 17.1% нэмэгдэж ₮17.9 их наяд буюу ДНБ-ий 26%-тай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. 

Айн ₮5 сая аа?

Хүүе ээ, хаана тэр ₮5 саяын хадгаламж байгаад байгаа юм бэ гэж бодож байгаа бол үүнийг улсын дундаж үзүүлэлт гэдгийг санаарай. 1 хүнд ногдох хадгаламжийн хэмжээг бүсээр нь харвал Улаанбаатарынх хамгийн өндөр буюу ₮8.7 сая, баруун болон зүүн бүсийнх хамгийн бага буюу ₮1.9 байгаа юм. Харин аймгаар бол Орхон аймгийн нийт иргэдийн хадгаламжийн хэмжээ хамгийн өндөр буюу ₮414 тэрбум байхад Говьсүмбэрийнх хамгийн бага байна.   

Алтан дундаж: Нэмж дурдахад, нийт иргэдийн хадгаламжийн хэмжээ ДНБ-ий 26%-тай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн гэсэндээ энэ бол дэлхийн дундажтай бараг адил үзүүлэлт. Тодруулбал, нийт хадгаламжийн ДНБ-д эзлэх хувь дэлхийн дунджаар 27% байдаг аж. Нэг ч гэсэн үзүүлэлтээр ядаж дундаж түвшинд байвал аштай юу даа. 

Төгрөг VS Валют

Ер нь бол сүүлийн саруудад төгрөгийн хадгаламж нэмэгдэж эсрэг талд валютын хадгаламжийн хэмжээ буурч байгаа. Тодруулбал, өнгөрсөн сард төгрөгийн хадгаламж жилийн өмнөхөөсөө 35.8% нэмэгдэж ₮17.6 их наядад хүрсэн бол валютынх 15.6% буурч ₮4.9 их наяд болсон байгаа юм. 

Логик: Төгрөгийн хадгаламж нэмэгдэх нь төв банканд инфляцыг зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн мөнгөний бодлогын үйл ажиллагаа явуулах боломжийг олгох юм.

Сонирхуулахад: Хэрэв та хадгаламжийн бүтээгдэхүүн сонирхож байгаа бол ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай энгийн хадгаламж дундаж хүү 12.3% байна шүү. Харьцуулж үзээд сонголтоо хийгээрэй.

Эцэст нь… Өнгөрсөн Баасан гарагт Монголбанк бодлогын хүүг бууруулсан. Ингэснээр онолын хувьд хадгаламжийн хүү багасаж, хадгаламжийн дансанд мөнгө хуримтлуулах хөшүүрэг буурна. Гэхдээ манайд бодлогын хүүгийн шийдвэр тийм ч хурдан нөлөөлдөггүй тул цаашид хадгаламжийн хүү яаж өөрчлөгдөхийг харж л байя даа.