Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед төсвийн төсөлд тусгагдсан яамдуудын зарцуулалт хэд байгааг шинжье. Ташраараа нэлээд өсөөдөхжээ. Тэдний төсөв та бидний татвараас бүрдэж байгаа хойно хаана хэд хуваарилагдаж байгааг сонирхъё доо.
🤯 Хэн, хэдийг?
Ирэх онд Монгол Улсын Ерөнхий сайдын захиран зарцуулах төсөв л гэхэд 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан дүнгээс 72.4%, энэ оны төсвийн төслийн дүнгээс 26.6% нэмэгдэж ₮417.9 тэрбум байхаар тусгагджээ.
🎡 Тэлэн тэлсээр: Энэ оны төсвийн төсөлд тусгагдсанаар яамдуудын төсөв нийт төсвийн зардлын 62.7%-ийг бүрдүүлж байсан бол ирэх онд энэ тоо 3 нэгж хувиар нэмэгдэх нь. Угаас 16 яамны ирэх оны төсвийн нийт дүн 2023 оны тодотгосон төсвөөс л гэхэд 50.6%, энэ оныхоос 22.3% тус тус нэмэгдэхээр байна.
📈 Хамгийн өндөр өссөн: Сонирхуулахад, Зам тээврийн хөгжлийн яамны төсөв 2023 оноос хамгийн ихээр нэмэгдсэн байна. Тухайн үед ₮482.1 тэрбумын төсөвтэй байсан тус яам ирэх онд үүнээсээ 3.4 дахин их мөнгийг зарцуулах нь. Зам засварын ажил 2025 онд ч том хүрээтэйгээр үргэлжлэх нь дээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамных ч нэлээд өсөөдөхжээ.
🤏 Хамгийн бага: Харин манай экспорт, гадаад худалдаа, эдийн засгийн амин сүнс болсон уул уурхайн салбарыг хөдөлгөж байгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төсөв ₮70.9 тэрбум буюу хамгийн бага байгаа юм.
🤑 Их наядын 6
Цаашлаад, 16 яамны 6 яамных нь төсөв их наядаар үнэлэгдэж буй. Эдгээрт нийгмийн хөгжлийн үндсэн яамдууд буюу Сангийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг яамдууд хамаарч байна. Харин тэрбумаар үнэлэгдэх төсөвтэй 10 яам дундаа хамгийн өндөр төсөвтэй нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Гэвч энэ салбар нэг л гавихгүй байгаа гэхээр төсвийн үр ашигтай байдал дутагдаж байна уу гэлтэй.
Эцэст нь… Яамдуудын төсвийг ухаж үзэхэд нэг иймэрхүү л байдалтай байна даа. Одоо харин эдгээрийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр өгөөжтэй байгаасай л найдъя. Ер нь бид бүгдээрээ хаа хаанаа төсвийн үр ашигтай зарцуулалт, хариуцлага хүлээх асуудалд анхаарах шаардлагатай байна даа.