АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Ирэх оны төсвийг нөхөхийн тулд түүхэнд байгаагүй их нүүрс экспортлоно

 

Ирэх оны төсөвт ₮36.7 их наядын орлого орж ирэх ёстой. Үүний тулд түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 83 сая тн нүүрсийг экспортлох нь. 

💹 Их нэмэгдэл

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2018 онд 28 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөө тавиад үүнийгээ 29.3% давуулж биелүүлсэн. Харин үүнээс хойш 2019-2022 оны хооронд 1 ч удаа нүүрсний экспорт төлөвлөгөөндөө хүрээгүй явсаар өнгөрсөн онд буюу Ковид-19-ийн дараах сэргэлтийн улмаас 50 сая тн-г төлөвлөж 69.6 сая тн-г экспортолсон. Харин ирэх онд 83 сая тн-г экспортлох гэнэ. 

🚀 Огцом өсөлт: 2018 оноос хойш нүүрсний экспортын төлөвлөгөө жилд дунджаар 18.9% өссөн. Харин 2025 оны төлөвлөгөө энэ дунджаас 19.4 нэгж хувиар өндөр байгаа хэрэг. Түүнчлэн зэсийн экспортын төсөөллийг ч мөн энэ оныхоос 20% нэмж 1.8 сая тн гэж тооцоолоод байна. Энэ бол Оюу толгойн гүний уурхайн олборлолт нэмэгдэж байгаатай холбоотой. 

📊 Тэнгэрлэг төсөөллийн синдром

Нүүрсний экспортын биет хэмжээний төлөвлөгөөнөөс гадна өөр нэг асуудал нь төсөвт орж ирнэ гэж төлөвлөсөн орлого. Жишээ нь 2024 оны төсвийг батлахдаа нүүрсний орлогоос ₮71.8 тэрбум орж ирнэ гэж тооцоолсон буюу 1 тн нүүрсний үнийг $182.5 байна гэж төсөөлсөн хэрэг. Гэтэл бодит байдал дээр энэ сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр Эрдэнэс Тавантолгойн коксжих нүүрс тн нь $90.2-оор арилжигдсан байгаа юм. 

☁️ Дээгүүр, дээгүүр: Угаас манай төсөвт тусгагдсан түүхий эдийн үнийн төсөөлөл хэт дээгүүр байдаг. Нүүрсний үнийн таамаг л гэхэд Fitch Ratings-н таамгаас 40% өндөр байх жишээтэй. Түүхий эдийн үнийг өндрөөр төсөөлж орлогоо таамаглаад зардлаа аль хэдийн гаргаад үрчихээр төсвийн алдагдал нэмэгдэхээс яах вэ. 

Эцэст нь… Хятадын зах зээл дээр нүүрс эрэлттэй хэвээр байгаа нь үнэн. Гэхдээ удаан хугацаанд Монголоос их хэмжээний нүүрс аваад байж чадахгүй л болов уу. 2025 онд 83 сая тн нүүрс экспортолж% үүнээс орж ирэх орлого нь төсөөлөлдөө хүрэхгүй бол төсвийн өр нэмэгдэх эсвэл төсвийг дахин тодотгохоос өөр аргагүй болно. Юу л болох бол доо. 

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ