АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголын хөрөнгийн зах зээл дараагийн шатанд гарахын тулд олон улсын стандарт хэлээр ярих хэрэгтэй

М.Даваажаргал: Монголын хөрөнгийн зах зээл дараагийн шатанд гарахын тулд олон улсын стандарт хэлээр ярих хэрэгтэй

 

Бид Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргалтай “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалга хувьцаат компаниуд болон хөрөнгө оруулагчдад ямар эерэг үр дүнтэй болох талаар ярилцлаа.

Монголын анхны хувийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Бирж “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгыг Монголын ХЗЗ-ийн оролцогчид дунд гаргаад байгаа билээ. Компаниуд 2023 онд ногдол ашиг тараахад дунджаар 4 сарыг зарцуулсан. Ийнхүү хэтэрхий урт хугацааг ногдол ашиг тараахад зарцуулж байгаа нь Монголын хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна вэ?

Монголын ХЗЗ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зах зээлийн үнэлгээ нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн үнэт цаасны зах зээл илүү уян хатан, нарийн тодорхой, хурдтай байх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тун удахгүй буюу 2 сарын 18-наас өмнө хувьцаат компаниуд ногдол ашгийн шийдвэрээ гаргаж эхэлнэ. Үүнээс урьтаж түгээмэл гардаг асуудлыг хөндөж, Lemon Press-тэй хамтран тус уриалгыг гаргаж байна. 

Монголд хувьцаат компаниуд ногдол ашгийн өдрөө тодорхой зарладаггүй, зарлахдаа улирлаар баримжаалж олгодог жишиг тогтсон. Улмаар түрүүн дурдсанчлан 2023 онд компаниуд ногдол ашгийн бүртгэлийн өдрөөс хамгийн богинодоо 13 хоногт, уртдаа 299 хоногт ногдол ашгаа тараасан байдаг. Түүнчлэн урьдчилж мэдэгдэлгүй 2 удаа ногдол ашиг гэнэт тараах, компани дээрээсээ ногдол ашиг олгох гэх мэт үйлдлүүд гарсаар байна. Бүр цаашлаад Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн жишгээр биш цэвэр улс төрийн хамааралтай ногдол ашиг тараана, тараахгүй гэж яригдаж байна.

Энэ нь ногдол ашиг авах хөрөнгө оруулагчдын хөрөнгөө зохистойгоор, зөв удирдах боломжийг багасгаж, олон улсад аль хэдийн хэвшсэн стандартаас гажсан сөрөг жишээ болж байна. Цаашид мэргэжлийн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай болно. Үүний тулд бид хүссэн хүсээгүй олон улсын жишиг гэдэг зүйлийг дагах шаардлагатай болж байгаа юм.

Тэгэхээр зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөө удирдах боломжийг багасгахаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татахад ч асуудал болж байна гэсэн үг үү? Тус асуудалд Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн харж буй шийдэл юу вэ?

Уг асуудлын суурийг нь шинжлээд үзвэл тогтолцоо, түүнийг дагасан систем, дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байгаа юм. Өнөөдөр ямар ч мэргэжлийн хөрөнгө оруулагч Монголд орж ирэхэд ногдол ашгаа өдрийн хоцрогдолгүй авахыг хүсэх болохоос аль нэг улиралд зарласан мөнгийг нь хэзээ нэг өдөр авна гэж хүлээхгүй. Мөнгө хэзээ ч зүгээр хэвтэж болохгүй шүү дээ. Тийм ч учраас олон улсад ногдол ашиг тараалт нь Corporate action буюу компанийн үйл хэргийн нэг төрөл болж стандарт хэлбэрээр буюу,

  • Зарласан өдөр
  • Бүртгэлийн өдөр
  • Төлөлтийн өдрүүдийг анхнаасаа зарлагддаг жишиг тогтсон. 

Хувьцаат компаниудын хувьд дан ганц ногдол ашиг тараах бус хувьцаа хуваах, компани нэгтгэх, бонус хувьцаа олгох, компанийн нэрийг хүртэл солих нь нэг стандартаар зарлагдаж хэвшсэн байдаг. Тус шийдвэрүүд хүний өмч хөрөнгөтэй холбоотой гэж үздэг учраас шүү дээ. Цаашлаад хөрөнгө оруулагчдын эзэмшил, өмчлөх эрх болон хувьцааны үнэ ханшид шууд нөлөөтэй тул зарлах хэлбэр, мэдээлэл дамжуулах тогтолцоо, мэдээлэл хүргэх хурд, харилцагчийн данс дахь гүйлгээ зэргийг олон улсдаа стандарт хэлбэрт оруулж шийдвэрлэсэн байдаг.

Тэгэхээр манай зах зээлийн хувьд энэхүү хувьцааны үнэ ханшид нөлөөлж болох мэдээллүүдийг мэдээлэх тогтолцоо, түүнийг дагаж гарах гүйлгээний стандартуудыг дэд бүтцийн байгууллагуудаасаа эхлээд харилцагчид үйлчилгээ үзүүлдэг түвшиндээ нэвтрүүлэх хэрэгтэй.

Та олон улсын стандартын хэлээр Монголын ХЗЗ ярих хэрэгтэй гэв. Тэгвэл тус стандарт нь ямар цар хүрээг хамарсан байдаг вэ?

Аливаа салбарын хөгжилд стандартчилал чухал үүрэг гүйцэтгэдгийн адилаар ХЗЗ-д ч стандарт чухал үүрэгтэй.

Олон улсын ХЗЗ өөрөө хурдтай байж аль болох автомат байдал руу шилжихийг эрмэлздэг. Тийм ч учраас “Компанийн үйл хэрэг” болон түүнийг дагаж гарах төлбөр тооцооны хувьд ISO 15022, ISO 20022 форматаар мэдээлэл дамжуулж, өндөр хөгжилтэй зах зээлүүд энэхүү стандартыг дэмжсэн тогтолцоог бий болгосон байдаг.

Энэ нь өөрөө тодорхой нарийн мэдээлэл шаарддаг ХЗЗ-ийн үйл ажиллагаанууд, хил дамнасан төлбөр тооцоог мэдээлэх хэлбэр, түүнийг дагаж гарах санхүүгийн харилцааны хувьд илүү үр ашигтай, эрсдэл багатай, автомат байх бололцоог бүрдүүлнэ.

“Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгад нэгдэж, дээр дурдсан стандартуудыг хувьцаат компаниуд мөрдсөнөөр ямар үр ашиг бий болох вэ? Хувьцаат компаниудаас гадна хөрөнгө оруулагчид ч бас энэхүү асуултын хариултыг мэдэхийг хүсэж байгаа байх.

Том зургаараа бол хуулийн шинэчлэлүүдтэйгээ хамт систем, дэд бүтцүүдээ хөгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна олон улсын стандарт, дэд бүтцийн байгууллагуудын уялдаа холбоо чухал нөлөөтэй. Бидэнд хөгжиж буй зах зээлийн ангиллаас цааш хөгжсөн зах зээлд хүрэхэд 3 шат ахих шаардлага үүсээд буй. Тиймээс бид шат шатандаа олон улсын жишиг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлага руу дөхөх хэрэгтэй. ISO 15022, ISO 20022 форматаар мэдээлэл дамжуулахын гол давуу талууд нь,

  • Дэлхийд холбогдох боломж бий болох,
  • Ойлгомжтой тодорхой байдлыг бүрдүүлэх,
  • Автоматжуулалтаас бий болох үр ашигтай байдал нэмэгдэх,
  • Эрсдэлийн удирдлага сайжрах,
  • Зах зээлийн ил тод, шударга байдал нэмэгдэх,
  • Зохицуулах байгууллагын хууль, журмын хэрэгжилт сайжрах,
  • Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх.

Тус стандартаар мэдээлэл дамжуулдаг болохын тулд компаниуд хамгийн түрүүнд ногдол ашиг зарлахдаа дээр дурдсан зарласан өдөр, бүртгэлийн өдөр, төлөлтийн өдрөө тодорхой бөгөөд заавал зарладаг болно гэсэн үг юм. Ингэж ажиллаж чадвал хувьцаат компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татахад нэг алхам ойртож, санхүүгийн хувьд илүү сахилга баттай хариуцлагатай ажиллах болно. 

Нөгөө талаас хөрөнгө оруулагчид компанийн мэдээллийг хоцрогдолгүй, тодорхой хүлээж авснаар сайн шийдвэр гаргах боломжтой болж, өөрсдийн өмч хөрөнгөд хамааралтай үйл ажиллагааг стандартаар явагдаж, найдвартай байгаа гэдэгт итгэлтэй байх юм.

Энэхүү стандартыг мөрдүүлж эхлэхийн тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

Аливаа стандартыг нэвтрүүлэхийн тулд нэгдүгээрт зохицуулалт, хоёрдугаарт түүнийг дагасан уялдаа холбоотой системийг бэлтгэх хэрэгтэй. Биржийн зүгээс өөрийн формат стандартыг тодорхой баталж, бүртгэлтэй компаниуддаа таниулж мөрдүүлэх ажлуудыг хийж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, кастодиан банкнууд, брокерын компаниудын хувьд үр ашигтай мэдээллийн урсгал бий болгож, түүнийг дагасан төлбөр тооцоог гүйцэтгэх систем, талбарыг бий болгох хэрэгтэй гэж харж байна. 

Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн хувьд бүртгэлтэй компаниуд олон улсад хэрэглэдэг нээлттэй компанийн мэдээлэл хүргэх ISO 15022, ISO 20022  форматаар мэдээллээ хүргэнэ.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж уриалгаас гадна ямар ажил төлөвлөн хэрэгжүүлж байна вэ?

Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн хувьд бид биржид бүртгэлтэй компаниудын ил, тод байдлын мэдээллийн стандартад онцгойлон анхаарч ажиллаж байна. Бидний зорилгуудын нэг бол хөрөнгө оруулагчдын итгэл даахуйц нээлттэй хувьцаат компаниудыг олноор бий болгох бөгөөд энэхүү тогтолцоог нь эхнээс нь зөв бүрдүүлж ажиллах юм.

Манай биржийн хувьд биржид бүртгэлтэй компаниуд хууль, санхүүгийн нийцүүлэгчтэй хамтарч ажилладаг бөгөөд бид компаниудад шууд шаардлага тавихаас илүүтэйгээр эхний ээлжид ХЗЗ-ийн хууль, журмыг таниулж, зөвлөж ажиллахыг чухалчилдаг. Үүний жишээ бол бид олон улсад хувьцаат компаниуд стандарт хэлбэрээр мэдээллээ хүргэх боломжтой ISO 15022, ISO 20022 стандартыг танилцуулсан гарын авлагыг боловсруулан таниулах ажлыг хийж байгаа бөгөөд 2024 оны II улирлаас эхлэн манай биржид бүртгэлтэй компаниуд энэхүү стандартуудыг мөрдөж эхлэх юм.

Бид олон нийтэд гарын авлагаа таниулахдаа төлөлтийн өдрийг энэ удаад онцолж байна. Төлөлтийн өдөр (Payment date) тодорхой байх нь хөрөнгө оруулагчдад мөнгөний төлөвлөлтөө хийх боломжийг бий болгодог.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй танд болон танай баг хамт олонд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.