АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монгол Италийн 5 хот руу шууд нислэгтэй болно

 

Монгол Европын 2, Африкийн 1, Азийн 1 буюу нийт 4 улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, санамж бичиг байгууллаа. Юу гэсэн үг вэ гэж үү? Шууд нислэг үйлдэх боломжтой орнуудын тоо нэмэгдэх нь ээ. 

🍕 Итали руу шууд

Одоогийн байдлаар Монголоос Европ руу 2 буюу Истанбул, Франкфурт хотууд руу л шууд нисэх боломжтой. Харин шинээр байгуулагдаж байгаа агаарын санамж бичгийн хүрээнд Италийн Милан, Ром, Венец хотууд руу шууд нислэг үйлдэх боломжтой болж буй. Мөн үүн дээр 2 чиглэлийг нэмж тодорхойлохоор тохиролцсон аж. Харин Руандатай нислэгийн чиглэл, давтамж болон багтаамжийг хэлэлцээр байгуулах үед тохирох юм. Хэрэв тус улс руу шууд нислэгтэй болбол Монгол анх удаа Африкийн орон руу шууд нислэгтэй болно шүү. 

🐤 Шинэчлэв: Цаашлаад, Саудын Арабтай ч агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохиролцсон бол Нидерландтай өмнөх агаарын хэлэлцээрээ шинэчлэн байгуулжээ. 

🪽 Шууд нисье: Одоогоор Монгол 18 улс руу шууд нисэх боломжтой байсан байгаа бөгөөд шинэ агаарын хэлэлцээрүүд байгуулснаар ирэх жилүүдэд шууд нислэг үйлдэх боломжит чиглэлүүд нэмэгдэх хүлээлт үүсгэж байна. 

📍 Хамгийн хол нь… 

Одоогийн байдлаар Монгол Франкфурт хот руу хамгийн хол буюу 6,000 км-н шууд нислэг үйлдэж байгаа. Гэхдээ Америк руу шууд нислэгтэй болчихвол 10,000 км гаруй зайд буюу хамгийн холын нислэг болох юм. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын Америк дахь айлчлалаар 2 орны хооронд энэ 2024 оны II улирлаас эхлэн шууд нислэг үйлдэхээр тохиролцож байсан даа. 

🙂 Юутай ч онгоц нь бэлэн: Одоогоор Америк руу шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа ч МИАТ ТӨХК тус чиглэлд нисэх 2 “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлгөө хүлээн аваад байгаа билээ

🌛 Анхны: Саяхан United Airlines (UAL) 8 шинэ чиглэлд нислэг үйлдэхээр болж энэ дунд Монгол ч багтаад байгаа билээ. Ингэснээр тус компани анхны Монгол руу нислэг үйлдэх Америкийн авиа компани болж байгаа бөгөөд ирэх оны 5-р сараас эхлэн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх гэнэ. 

Эцэст нь… Энэ удаагийн ЗГ Ази, Европыг холбох Транзит улс болох зорилтоо нэлээн сайн шахаж, газарт ч, агаарын орон зайд ч олон чиглэлийг өргөжүүлэх бололтой. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ