АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монложистикс группийн ачаа тээвэрлэлт 78 мянган тн-оор өслөө

 

Энэ оны III улирлын байдлаар тээврийн салбарын орлого 24.7% нэмэгдсэн бол тус салбарын акул Монложистикс групп (MLG)-ийн борлуулалтын орлого 50.3% өсжээ. Юу болоод байна вэ? 

💥 5 жилийн тэсрэлт

Монложистикс групп сүүлийн 5 жилийн хугацаанд маш хурдацтай тэлж буй. 2020 онд толгой компани болох Монложистикс Холдинг ХХК байгуулагдсанаас хойш 1 жилийн дараа 3 охин компаниар цар хүрээгээ тэлж байв. Улмаар 2023 онд IPO хийхдээ 9 охин компанитай болоод байсан Монложистикс групп энэ онд Төв азийн зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэсэн билээ. Ингэснээр, 

📈 Бодит үр дүн: Компанийн энэ оны III улирлын байдлаар тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ жилийн өмнөхөөсөө 78 мянган тн-оор буюу 10% нэмэгдэж 864 мянган тн-д хүрсэн байна. Үүний дийлэнх буюу 72.6%-ийг транзит ачаа бүрдүүлжээ. Ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэний улмаас л борлуулалтын орлого нь 50.3% өссөн хэрэг.   

Онцлог: Цаашлаад, компани тус хугацаанд байгууллагынхаа үндсэн болон дэмжих үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор Монголд анх удаа “Odoo ERP V.17” хувилбарыг ахиулан гар утасны апп-тай болгон нэвтрүүлсэн аж. Мөн хувьцаа эзэмшигчид болон хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчдод зориулсан вэбсайтаа ашиглалтад оруулаад амжжээ. 

💪 Давуулах нь ээ

Түүнчлэн Монложистикс групп өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоож байсан. Тэгэхээр компани эхний III улиралд 864 мянган тн ачаа тээвэрлэсэн эрчээрээ IV улирлыг үдвэл оны сүүлээр дээд амжилтаа шинэчлэх боломжтой байна. 

Төлөвлөгөө 💯+: Нэмээд компани IPO хийх үедээ борлуулалтын орлогоо жилд дунджаар 18% өсгөж 2027 онд ₮430 тэрбумд хүргэх зорилт тавьсан. Харин тэдний борлуулалтын орлогын өсөлт III улиралд 18%-иас 32.3 нэгж хувиар давсан тул оны эцэст ₮273.5 тэрбумд хүрнэ гэсэн төлөвлөгөөгөө нэлээд давуулах хүлээлттэй байна даа.

Эцэст нь… Хурдацтай тэлж, цар хүрээгээ томсгоод IPO хийж олон нийтэд өгөөж хүртэх боломж олгохоос гадна зорилго, зорилтдоо хүрч байгаа цөөхөн хэдэн компанийнхаа тайланг ухахаар ч сэтгэл сэргэдэг шүү. Бүгд ийм байгаасай…

ШУУД ДАМЖУУЛАЛТ