АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Дэлхийн ДНБ-ий гол өсөлтийг БРИКС бий болгоно

 

БРИКС бүл нэмснээс хойш анх удаа өргөтгөсөн байдлаар Оросын Казан хотод өнөөдрөөс эхлэн 2 хоног дээд хэмжээний уулзалтаа хийж эхэллээ. 

Тус уулзалтад 38 орон уригдсанаас 24 нь оролцохоо мэдэгдсэн бол Казакстан, Аргентин, Индонез оролцохгүй хэмээн Оросын улс төрийн зэвсэг болохоос татгалзав. Үүний хариуд Орос Казакстанаас авах ногоо, жимснийхээ импортыг түр хориглосон юм. Харин Бразилын Ерөнхийлөгч эрүүл мэндийн асуудлаар энэ удаагийн уулзалтыг алгасах гэнэ. Бөөн драма.

📍 Дэлхийн эдийн засгийн тулгуур болно

Орос тус дээд хэмжээний уулзалтыг барууны орнуудын Оросын ганцаардуулах оролдлого бүтэлгүйтсэнийг харуулах нотолгоо болно хэмээж байгаа. Үүгээр ч тогтохгүй улс орнуудыг БРИКСТ нэгдэж долларын хаанчлалыг дуусгахыг уриалан Владимир Путин “Манай холбооны улсууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болж, ойрын ирээдүйд дэлхийн ДНБ-ий гол өсөлтийг БРИКС бий болгоно” ч ам гарлаа. Энэ нь ч хоосон үг биш буюу Украйны хямралын жилүүдэд БРИКС хэрхэн өргөжсөнөөс харж болох л өнцөг. 

👑 Гол тоглогчид + нэгдсэн зорилго: Орос болон Хятад БРИКС-г Их 7-гийн бүлгийн эсрэг сөрөн зогсох бүлгэм болгохоор зүтгүүлж байгаа. Харин Энэтхэг, Бразил энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг бол Өмнөд Африк БРИКС-г эдийн засгаа өргөжүүлэх боломж гэж харж буй. 

👐 Хаалга нээлттэй!

Өнгөрсөн жил БРИКС 13 жилийн дараа анх удаа Саудын Араб, Египет, Иран тэргүүтэй газрын тосны орнуудыг бүлэгтээ нэгтгэсэн. Харин энэ удаад тус бүлэгт нэгдэх хүсэлтээ илгээсэн 30 гаруй орны хүсэлтийг хэлэлцэх гэнэ. Орос, Хятад БРИКС-г өргөжүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзвэл энэ удаад шинээр гишүүн орон элсүүлэх өндөр магадлалтай. Мөн гишүүн орон хооронд ашиглах SWIFT шиг төлбөр тооцооны хэрэгслийг ч хэлэлцэх төлөвтэй дэг ээ. 

🕴️ Хэн, хэн БРИКС-т элсэхээр байна? Энэ удаад Венэсуэлийг гишүүнээр элсүүлэх өндөр магадлалтай байгаа бол НАТО-н гишүүн болох Турк БРИКС-т нэгдэх эсэх нь ч олны анхаарлын төвд байна.

Дотоод хагарлаа яах вэ? БРИКС-н гадаад тэлэлтээс илүүтэй Хятад, Энэтхэгийн жаран дамжсан хилийн маргаан болон дэлхийн өмнөд хэсэг дэх нөлөөллийн төлөөх өрсөлдөөн дотор хагарал нь асуудал болж буй. Хэдий Орос, Хятад шинэ гишүүн элсүүлэхийг эрчимтэй дэмжиж байгаа ч Бразил болон Энэтхэг нөлөөллөө алдахаас эмээж тус асуудалд хойш суух хандлагатай байдаг.

Эцэст нь… Хэрэв БРИКС хүч зузаатгаж, энэ эрчээрээ тэлсээр байвал тэдний доллароос ангижрах төлөвлөгөө тийм ч тэнгэрийн биш байж болох л юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ