Энэ оны III улирлын байдлаар авлига, албан тушаалын хэрэг жилийн өмнөхөөсөө 5.3% нэмэгджээ. Юу болоод байна вэ?
🫨 1,543 хэрэг шүү, Цэнцэрэн минь!
Прокурорын байгууллага 1,543 хэргийг авлига, албан тушаалын хэрэг гэж бүртгэсэн ч үүнийхээ 13.4%-д нь л буюу 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Нийт гэмт хэргийн 78.3%-ийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, 16.8%-ийг хахууль авсан, 10%-ийг нь эсрэгээрээ өгсөн гэмт хэрэг тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргүүд ч гарчээ.
Хаана гарав? Уг хэргүүдийн 66.7% нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт үйлдэгдсэн аж. Үүний хүрээнд авсан арга хэмжээ нь, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн ₮43 тэрбумын эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, ₮1.8 тэрбумын эд хөрөнгийг хураан авсан гэнэ.
Зөвхөн хохироод зогсохгүй: Авлигыг мөнгөн дүнгээр хэмжиж болох ч шууд бус нөлөө нь ч дэндүү том. Өнгөрсөн жилийн судалгаагаар сурагчдын 22% нь улсынхаа ирээдүйд огт итгэлгүй байна гэсэн үр дүн гарсан. Үүний шалтаан нь авлигал болон боловсролын системийн чанар. Тэгэхээр авлигал зөвхөн хохироогоод зогсохгүй ирээдүйн итгэлийн унагааж байгаа юм.
🔻 Ухарсаар байна шүү дээ
Дэлхий дахинд энэ бол авлигач улс гэдгийг таниулдаг “Авлигын төсөөллийн индекс” гэж бий. Өнгөрсөн оны байдлаар бид 180 орноос 121-т жагсаж байна. Уг нь 2022 онд 116-д жагсаж байсан сан. Жил ирэх тусам энэ байр хойшилсоор 2015 оноос хойш уг индексийн оноо нь хамгийн ихээр буурсан орнуудын дунд орж цоллуулаад авсан. Ийм байхад яаж гаднынхан бидэнд итгэж хөрөнгөө оруулж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх вэ дээ.
Эцэст нь… Яг ил болсон нь л бидэнд ингэж харагдаж байгаа болохоос илрээгүй хэдэн хэрэг байгаа вэ? Хэзээ Монгол авлигагүй болно доо…