АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол хөрөнгө оруулахад тохиромжтой орон уу?

 

Америкийн Төрийн департментаас улс орнуудын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг харгалзан гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулахад хэр эрсдэлтэй байгаа талаар судалгааг тогтмол гаргадаг. Өнгөрсөн удаад бид Туркменистаны талаар бичиж байсан бол одоо өөрсдийн толгой дээрх бухлыг харах цаг болжээ.

Гэснээс: Монгол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлдэг ч хууль тогтоомж нь хоорондоо зодолдоод байдаг учраас бүрэн хэрэгждэггүй гэхчлэн олон сонирхолтой дүгнэлтүүдийг гаргасан байна лээ. Бүрэн эхээр нь ЭНД дараад уншаарай.

🫤 Уг нь дажгүй. Гэхдээ!

Асар их байгалийн баялагтай Монгол уул уурхайн салбар руугаа хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой нь нэг хэрэг ч, эдийн засгийн эмзэг байдал, ядаад хөрөнгө оруулагч нартай холбоотой хэрэг, маргааныг сунжруулдаг нь Америкийг бидэнд хөрөнгө оруулахад болгоомжлоход хүргэдэг. 

🔕 ХЗЗ нь л гэхэд: Монголын ХЗЗ сул хөгжсөн тул фьючерс болон дериватив арилжаа хийх боломж хомс. 2021 оны сүүлээр биржийн бус зах зээл байгуулагдаж, хурдацтай хөгжиж байгаа. Мөн уул уурхайн болон ХАА-н бүтээгдэхүүний биржтэй болсон нь сайшаалтай ч шинэ биржүүдийг хувийн хэвшлийнхэн хэрхэн ашиглах талаар тодорхой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 

ХАА-н бүтээгдэхүүний бирж гэснээс ХАА тэр дундаа ноолууран бүтээгдэхүүнийг Америк хөрөнгө оруулах өндөр боломжтой салбар гэж харж буй. 

🐏 Ноолуурын зах зээлийн гэрэл

Өнгөрсөн оны байдлаар Монгол ноолуурын гаралтай $441.2 саяын дүн бүхий бүтээгдэхүүн экспортолжээ. Үүнээс, угаасан ноолуур 5,449 тонныг $263.6 саяар, 1,001 тн хялгасыг нь ялгасан ноолуурыг $95.8 саяар тус тус гаргасан байна. Бид жилд 10 мянган тн түүхий ноолуур бэлтгэдэг улс ч бүтээгдэхүүн болгож худалдахгүй байгаа нь асуудал. 

🤑 Ээрье, сүлжье: Ноолуураа түүхээр гаргаж байгаа нь асуудал болж байгаа ч ээрсэн болон сүлжсэн бүтээгдэхүүн гаргадаг болбол зөвхөн уг бүтээгдэхүүнээс жилд $1.5 тэрбумыг олох боломжтой. Энэ нь зүгээр ч нэг хийрхэл бус буюу Монголд ноолуураа ээрээд, сүлжээд гаргах үйлдвэрлэлийн хүчин чадалтай гэдгээс гарсан үг шүү. 

Эцэст нь… Америкийн өнцгөөр бол Монгол дахь гаднын түргэн хоол, хүнсний дэлгүүр гэх мэт франчайз бизнесүүд хүлээлтээс давсан сайн үзүүлэлттэй байгаа нь зах зээл нээлттэй, боломжтой байгааг илтгэж буй. Харин өндөр ашиг олох боломжтой уул уурхай, эрчим хүчний салбаруудад улс төрийн нөлөөлөл их байдаг тул өндөр эрсдэлтэй гэж харж байна. Төр ороод ирэхээр л асуудал х2 томрох юм…

ШУУД ДАМЖУУЛАЛТ