АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголчуудын 72% нь нийгмийн халамжид хамрагдаж байна

 

ҮСХ-ны тайлангаас харахад Монголын нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо 2021 оны энэ үеэс 166 мянгаар нэмэгдэж 2.5 саяд хүрээд байна. Үүний эргэн тойронд юу болж байна вэ? 

💭 Орлого, зардал нь юу болов? 

Бүх төрлийн халамжид хамрагдагсдын халамж нийгмийн даатгалын сан (НДС)-гаас гарч байгаа. Уг сангийн энэ оны эхний 9 сарын орлого 2021 оны мөн үеэс 86.7% өсөж ₮4 их наядад хүрсэн бол зардал нь 72.8% нэмэгдэж ₮3.8 их наядад хүрсэн буюу төсөв нь ашигтай гарсан хэрэг. 

📊 Зардлын 91.6%: НДС-гийн зардлын 91.6%-ийг тэтгэврийн даатгалын сангийн зардал бүрдүүлж буй. Угаас өндөр настны тэтгэвэр авагчдын тоо сүүлийн 10 жилд 64.6%, сүүлийн 1 жилд 4.3% нэмэгдэн 399.2 мянгад хүрээд байна. Улмаар тэтгэврийн даатгалын сангийн зарлага сүүлийн 1 жилийн хугацаанд дангаараа 29.9% буюу ₮794.2 тэрбумаар нэмэгдэв.

🤔 Ташраараа халамжтай

Цаашлаад, дээр дурдсанчлан нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт иргэдийн 72% буюу 2.5 сая иргэн хамрагдаж байгаа. Эдгээрийн 51.3% нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг бөгөөд дараагийн том бүлгийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авагчид бүрдүүлж байна. Ерөнхийдөө Монголын 1 сая хүрэхгүй хүн ам буюу 984 мянган хүн л ямар нэгэн байдлаар нийгмийн халамжид хамрагддаггүй гэсэн үг. 

Эцэст нь… Манайхаас нэлээд том эдийн засагтай Герман, Франц, Финланд зэрэг улсууд манайхтай ойролцоо халамжийн томоохон системтэй байдаг. Нэмээд өндөр настны тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж хүн амын ачаалал нэмэгдэх шатандаа явж байгаа энэ үед тэтгэврийн реформ хийх, халамжийн системд илүү оновчтой, зорилтот хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, НДС-гийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ