Төрийн өмчит Tokyo Metro олон нийтэд нээлттэй компани болж, зах зээлээс $2.3 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Тус IPO Японы хөрөнгийн зах зээлд сүүлийн 6 жил тохиогоогүй томоохон сэргэлт болох төлөвтэй байгаа юм. Тэгвэл энэ жилийн IPO-н эргэн тойронд юу болов?
🔴 2024 оны IPO өнгө
Он дуусахад 3 хүрэхгүй сар үлдсэн ч III улирлын байдлаар IPO хийсэн компаниудын тоо өнгөрсөн оны мөн үеэс 13.6%, татан төвлөрүүлсэн дүн нь ч 35% бууран $24.9 тэрбумд хүрээд байна. Тус үзүүлэлт нь гагц энэ онд л муу байгаа бус цар тахлаас хойш ер л компаниуд олон нийтэд нээлттэй болох сонирхолгүй байгааг илтгэж буй.
😌 Нүүр тахалсан хэд
Уг нь энэ онд Skims, Canva-с эхлээд олон компаниуд сүр дуулиантай IPO хийхээ мэдэгдэж байсан ч таг. Харин оронд нь өнгөрсөн Мягмар гарагт Hyundai Motor India (HYUN.NS) Энэтхэгийн зах зээлийг тэсэлж IPO хийн $3.3 тэрбумыг босгохоор зорьж буй. Тус IPO Lineage (LINE)-н араас 2-рт бичигдэх томоохон IPO болох бөгөөд өнөөдөр IPO-нх нь сүүлийн өдөр. Үргэлжлүүлээд 2024 оныг өнгөлсөн IPO-нуудыг эргэж, тойръё.
🙄 Эхэндээ л гоё байв: Хэдий энэ оны хамгийн том IPO-г хийж $4.4 тэрбумыг татан төвлөрүүлсэн Lineage-н хувьцааны үнэ тасралтгүй уруудсаар IPO-н үнээсээ 6.8% унаад байна. Харин Reddit (RDDT) өнгөрсөн 4-р сард IPO хийснээсээ хойш хувьцааны үнэ нь 53.8% өсөн өдгөө $75-т хүрчээ.
🔙 Эргэн дурсахуй
Өнгөрсөн жилийн онцлох IPO-уудаас $4.8 тэрбумыг босгосон ARM (ARM)-н хувьцааны үнэ IPO-с хойш 168% өсөж амжилтаараа тэргүүлж байна. Эсрэгээрээ хамгийн муу үзүүлэлттэй IPO-р Хятадын EV үйлдвэрлэгч U Power (UCAR) тодроод буй. Угтаа IPO-н дараа хувьцааны үнэ нь даруй 1,100% өссөн ч тэр цагаас хойш 99% унаж $6.8-т хүрчээ. Үүнд компанийн гэхээсээ илүү Хятадын EV-н зохицуулалт чангарсан нь голлон нөлөөлсөн юм.
Эцэст нь… Цар тахлаас хойш үргэлжилж буй “Харзная” гэх трэндийг үгүйсгэж энэ ондоо IPO хийнэ гэсэн хэд хэдэн компаниуд байгаа. Тэдний нэг бол Stripe. Гэхдээ бусад шигээ мурих магадлал өндөр болохоор харж л байя.