Ерөнхийлөгчийн Туркменистан дахь айлчлал дуусаж, айлчлалын дүнд 2 орон гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, ХАА, эдийн засаг, соёлын тэргүүтэй чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Туркменистан ч гадаадын хөрөнгө оруулагч нарт халтай гэдгээрээ алдартай даа.
🗣️👥 Айлчлалын гүнд
Уг айлчлал нь Монголын талаас анх удаа Ерөнхийлөгчийн хэмжээнд тохиосон айлчлал болсон бөгөөд далайд гарцгүй Туркменистаны Ерөнхийлөгч Монголд Каспийн тэнгисээр дамжин ОУ-ын зах зээлд гарахад туслах талаарх мэдэгдэл олны анхаарлыг ихээхэн татав. Цаашлаад, 2 улсын худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд ч хамтын ажиллагааны санамж бичиг зурагдаж хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцээд буй.
🎁 Юу байгаа, түүгээрээ: Тус улс нь хивсний үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхагддаг бөгөөд түүхий эд болох ноолуурыг “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх талаар ч яриад авав.
🤵 Бизнесийн хүрээнд: Монгол болон Туркменистаны бизнес форумын үеэр Монголоос хийн хоолой, худалдаа, үйлдвэрлэл, газрын тосны салбарын нийт 44 ААН, Туркменистаны талаас 40 гаруй ААН оролцсоноос харахад газрын тос болон байгалийн хийн салбарт бизнесийн харилцаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бололтой.
🚫💵 ГШХО-г үзэн яддаг орон…
Бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэснээс тэд Америкийн гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) хийхэд өндөр эрсдэлтэй орны жагсаалтад багтдаг. Товчоор бол тус улс руу ГШХО гагцхүү газрыг тос болон байгалийн хийн салбарт л орохоос бусад салбарт бараг л байдаггүй гэнэ.
⛽ Газар авсан хүнд суртал: Хэдий жилдээ 70 тэрбум л байгалийн хий экспортолдог дэлхийн 4 дэх байгалийн хийн нөөцтэй улс ч авторитар дэглэм доор идээлсэн хээл хахуул, авлигын сүлжээтэйгээрээ дэлхийд 10-рт тогтмол эрэмбэлэгддэг.
💲 Тогтсон ханш: Аймшигтай нь тус улс төрөөс валютын ханшийг зохицуулдаг буюу $1 нь 3.5 Туркменистан манат гэж тогтоожээ. Валютын шилжүүлэг нь зах зээлийн хуулиас гадуур тул бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх нь амар байдаг учраас бэлэн мөнгөний улс ч гэгдэх нь бий.
Хэдий Туркменистан хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой гэдэг ч сүүлийн 10 жилд нэг ч гадаадын хөрөнгө оруулалттай шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй буюу зөвхөн дотоодын төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг л дэмжиж ирсэн байдаг. Нэмээд тус улсад дотоодын болон гадаадын компаниудад ашиглах бизнесийн бүртгэлийн вэбсайт байдаггүй төдийгүй компанитай болъё гэвэл 6 сар хүлээж, дийлэнхдээ танил талаараа л олж авдаг гэнэ. 😨 2 орны хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж болох ч бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлд бол ээ дээ мэдэхгүй… 🥶