АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын бизнесүүдийн зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрчээ

 

Үндэсний Статистикийн Хороо Бизнесийн демограф статистикийн танилцуулгыг гаргалаа. Эндээс харахад бизнесүүдийн үйл ажиллагааны зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрчээ. Яагаад? 

📊 Бизнесийн демограф: Энэ нь эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн тоо, бүтэц, төрөл, байршил, үйл ажиллагааны салбар гэх мэтийг агуулсан статистик үзүүлэлт бөгөөд үүнд тулгуурлан зах зээлийн анализ, эдийн засгийн оновчтой төлөвлөлт хийх боломжтой. 

🤔 Юу болоод байна вэ? 

Өнгөрсөн онд аж үйлдвэр, барилга, худалдаа, тээвэр гэсэн гол 4 салбарт шинээр орж ирсэн бизнесийн идэвх өмнөх оны мөн үеэсээ 1.8 нэгж хувиар буурч 20.7%-д хүрчээ. Угаас Монголын бизнесийн орчин дунджаас доогуур байгаагаас гадна шинээр бизнес эрхлэгчдэд татвар, санхүүжилтийн асуудал түгээмэл тулгардаг. Тэгэхээр дээрх салбаруудад шинээр орж ирж байгаа бизнесүүдийг дэмжье гэвэл орчноо сайжруулах нь зүй. 

📍 Төвлөрөл: Цаашлаад, 4 салбар дундаа барилгын салбарт шинээр нэмэгдсэн, өргөжсөн ААН хамгийн бага байгаа бол тээврийн салбарт шинээр үүсгэн байгуулалтын түвшин бусдаасаа өндөр байгаа юм. Мэдээж шинээр нэмэгдсэн, өргөжсөн ААН, компаниуд Улаанбаатарт хамгийн ихээр төвлөрсөн тул Баруун бүсэд бизнес цэцэглэлт хамгийн дорой байна. 

🔒 Уучлаарай, хаалаа

Цаашлаад, гол салбаруудын үйл ажиллагаа зогсолтын түвшин 2023 онд 1.5%-тай байгаа нь сүүлийн 5 жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн. Энэ нь эрэлт буурсан, инфляц өсөж зардал нэмэгдсэн, санхүүгийн хүндрэл гарсан, өрсөлдөөн нэмэгдсэн, төрийн бодлого нөлөөлсөн гээд янз бүрийн хүчин зүйлүүдээс шалтгаалсан нь мэдээж. Угаас манай нийт бүртгэлтэй ААН-үүдийн 36.9% нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдгийн дээр ингээд хаалгаа барилт нэмэгдээд байхаар тоогүй, тоогүй. 

💭 Сонирхолтой тоо: Үйл ажиллагаагаа зогсоосон ААН-үүдийг ажилчдынх нь тоогоор нь харвал 1-4 ажиллагчтай нэгжид ногдох үйл ажиллагаа зогсолтын түвшин хамгийн өндөр, 10+ ажиллагчидтай нэгжийнх хамгийн бага байгаа буюу олон ажиллагчидтай байх тусам үйл ажиллагаагаа зогсоох магадлал нь бага байгаа юм. 

Эцэст нь… Манай гол 4 салбарт шинээр нэмэгдэж байгаа бизнес компаниуд нь багасаад үйл ажиллагаагаа зогсоож байгаа нь ихсээд хэцүү л дүр төрх рүү орж дээ. Татварын бодлогоо шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж тодорхой салбаруудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ