АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792 мянга болно

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20% буюу ₮132 мянгаар нэмэгдүүлэн ₮792 мянга болголоо. Ямар нөлөө үзүүлэх вэ? 

📈 4 нугарав

Хөдөлмөрийн хөлсний шинэ доод хэмжээ 2025 оны 4 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түүхэндээ анх удаа 3 жил дараалан шинэчлэгдэж байна. Энэ удаад ₮132 мянгаар нэмэгдэж байгаа нь жил жилийн дундаж нэмэгдлээс 1.7 дахин өндөр дүн. 

🆓 Онцлог: Түүнчлэн ирэх оноос уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхтэй болох юм. Уг шийдвэрийн дүнд салбар хоорондын цалингийн ялгааг нэмэгдэх, ажиллах хүчний шилжилт хийгдэх магадлалтай байна. 

⁉️ Ямар шалтгаанаар: Сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа нь инфляцын үед ажилчдын амьжиргааны түвшнийг хадгалах, нийгмийн тэгш байдлыг хангах зорилготой. Нэмээд эдийн засаг ч тэлж, компаниудын орлого, цалин хөлс ч нэмэгдэж буй.

3.6 🆚 4.1

Гэхдээ, Монгол Улсын голч цалин 2014 оноос хойш 3.6 дахин өссөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4.1 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ голч цалингийн 34.4%-тай тэнцдэг байсан бол одоо 39.1%-тай тэнцэх нь. 

💭 Тэгээд юу гэж? Энэ өсөлтийн зөрүүтэй байдал үргэлжилбэл бага орлоготой ажилтнуудын цалин дундаж болон голч цалингийн түвшинд ойртож цалингийн тархалт илүү жигд болно. Нөгөө талд ААН-үүдээс гарах цалингийн зардал өсөж үүнийгээ бүтээгдэхүүний үнэд шингээх эсвэл албан бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжих зэрэг хариу үйлдэл гарна. 

📌 Ай даа… Бүх зүйл 2 талтай байдаг хойно хөдөлмөрийн хөлсний нэмэгдлийн 1 талд ажилчдын орлого, амьжиргаа нэмэгдэх ч нөгөө талд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ өсөж инфляцыг дэвэргэх эрсдэлтэй. 

Эцэст нь… Жилээс жил данхайх төсөв, хэдэн талаас халамжлах бодлого, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлт гээд инфляцыг өдөөх шийдвэрүүд мундахгүй юм даа. Арай чүү Монголбанкны зорилтот түвшинд ирээд байгаа инфляц ирэх хэдэн жилд юу болох бол доо?   

ШУУД ДАМЖУУЛАЛТ