АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголд литийн хайгуул хийж буй Өмнөд Солонгосын компани асуудалд орлоо

 

Цилиндр батарейны үйлдвэрлэлээрээ алдартай Өмнөд Солонгосын Kumyang (001570.KS) Монгол дахь литийн төслийн үйлдвэрлэлийн төсөөллөө бууруулсны араас Солонгосын хөрөнгийн биржээс шалгаж эхэллээ.

📰 Үйл явдал

Тодруулбал, компани Монголын уурхайн борлуулалтын таамаглалаа ₩402.4 тэрбумаас ₩6.6 тэрбум болгож, үйл ажиллагааны ашгийн төсөөллөө мөн ₩161 тэрбумаас ₩1.3 тэрбум болгон эрс бууруулаад буй. Улмаар хөрөнгө оруулагчид нь тэдний гаргасан таамаглалд цочирдож, гомдол тасрахгүй байгаа тул хөрөнгийн биржээс нь 2-3 өдрийн дотор уг мэдэгдэлдээ хариу тайлбар өгөх, үгүй бол шаардлага хангаагүй мэдээллээр хангасан гэж үзэн арга хэмжээ авах аж.

🤝 Kumyang хэрхэн Монголтой холбогдов? Компани өнгөрсөн онд Мон Лаа ХХК-ийг $60 саяар худалдан авч байсан. Ингэснээр Kumyang Мон Лаа ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Элстэйн төмрийн хүдрийн ордод литийн хайгуул хийж эхэлсэн юм.

⚒️ Элстэйн орд: Тус орд нь 360 мянган тн лити, 650 мянган тн вольфрам, 200 мянган тн молибден, 33 сая тн төмөр, 2 сая тн цайр гэхчлэн асар их нөөцтэй орд аж. Тэд Монгол дахь төслийн хүрээнд вольфрамын экспорт, боловсруулалтаас гадна литийн хайгуул, олборлолт явуулж, эцэст нь литийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Гэсэн хэдий ч Монголын талаас лити боловсруулах зөвшөөрлөө хараахан аваагүй байгаа тул энэ ондоо багтаан шаардлагатай зөвшөөрлүүдээ авахаар төлөвлөжээ.

Kumyang-н үндсэн бизнес бол цилиндр батарейн үйлдвэрлэл. Харин цилиндр батарейн гол түүхий эд нь лити тул Монгол болон Конгод литийн хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа. Гэтэл гол төслөөсөө төдийлөн ашигтай ажиллахгүй гэх таамаглал гаргасан нь өнөөдрийн асуудлыг үүсгээд буй.

🔅 Монголын литийн ирээдүй

Одоогийн байдлаар Монгол 656 мянган тн литийн нөөцтэй гэж тогтоогдсон төдийгүй хайгуулын явцад литийн 4 орд илрээд буй. Хайгуулын хувьд Канадын Ion Energy, Их Британийн Doriemus тэргүүтэй компаниуд хайгуулын ажил хийж эхнээсээ хайгуулын ажлаа дуусгаж ордуудын нөөцийг тогтоож буй.

Эцэст нь… Лити бол Монголын чухал ашигт малтмалын жагсаалтад гол байр эзлэх элемент. Харин хайгуулын ажлууд дуусаж литийн нөөц бүрэн тогтоогдсоны дараа нөөцөө хэрхэн ашиглах, Монголд болон хөрөнгө оруулагч нарт хэр ээлтэй бодлого баримтлах зэргээс цааш, цаашдын бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын хөгжилд ихээхэн нөлөөлнө дөө.

ШУУД ДАМЖУУЛАЛТ