АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Америк Монголын эрчим хүчний салбарыг дэмжинэ

 

Америк Монголын эрчим хүчний салбарын хөгжилд анхаарч, хамтарч ажиллахаар болжээ. Ер нь нөхцөл байдал ямар байгаа билээ? Америк бидэнд яаж туслах вэ? 

🎭 Бодит төрх

Бид сүүлийн 5 жилд нийт эрчим хүчнийхээ дунджаар 80.2%-ийг үйлдвэрлэж, 19.8%-ийг импортолсон. Нэмээд Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн багтаамж ойролцоогоор 1,400 МВт хэдий ч хэрэглээ нь 1,600 МВт. Эрчим хүчний системийн багтаамж болон хэрэглээний зөрүүнээс үүдэн өвлийн оргил ачааллын үед хүндрэл дагуулсаар ирсэн. Түүнчлэн бидэнд нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөц байгаа ч эдгээр нөөцүүдийг бүрэн ашиглах түвшинд хүрээгүй хэвээр.

⁉ Асуудал & Тусламж

Дээрх баримтуудаас харж байгаачлан Монголын эрчим хүчний салбарт хэрэглээний өсөлтөөс үүдсэн эрчим хүчний хангамжийн дутагдал, импортын хараат байдал асуудал болоод буй. Үгүй тэгээд, 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах сүржин зорилготой ч цөөн хэдэн сэргээгдэх эрчим хүчний төслөө дорвитой урагшлуулж чадахгүй нүүрстэйгээ зууралдсаар. 

🆘  Найз нь тусалъя: Харин Америк манай сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих гэнэ. Нэмээд нар, салхи, усны нөөц болон цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологийг зохистой ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм. 

 🗽 Америкийн гараас… 

Америкийн эрчим хүчний салбар нь дэлхийн хамгийн том, хамгийн олон төрөл зүйлтэй салбаруудын нэг. Тус улсын өнгөрсөн оны анхдагч эрчим хүчний хэрэглээний 9%-ийг л нүүрс, 36%-ийг нь байгалийн хий бүрдүүлсэн байдаг. Угаас тэд сүүлийн 10 жилд нүүрсний хэрэглээгээ 40% бууруулж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь эрчимтэй өсөж байгаа. Энэ утгаараа Америкаас Монголд нэвтрүүлэх технологи, ноу-хау маш их. 

Эцэст нь… Монголын эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан станцууд, шугам сүлжээний ихэнх нь хуучирсан, шинэчлэлт хийх шаардлагатай байгаагаас гадна сэргээгдэх эрчим хүчний төсөлд гадаадын хөрөнгө оруулалт татах нэн шаардлагатай байгаа. Харин Америкийн тусламж энэ асуудал дээр ямар үр дүн авч ирэх, төр засаг маань өөр ямар шийдэл эрэлхийлэх бол оо? 

ШУУД ДАМЖУУЛАЛТ