АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Оросоор дамжин Монгол, Казакстаныг холбох 1,604 км зам

 

Монгол болон Казакстан Оросоор дамжуулан хурдны авто зам барина. Сүүлийн 7 жил яригдсан энэ зам одоо л бодит болох нь дээ. 

Уг төсөл нь өнгөрсөн 7-р сард Казахстан болон Монголын Ерөнхийлөгч 2 улсын тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хүрээнд авто замын төслийг хэлэлцсэний үр дүнд хэрэгжиж буй.

🛣️ 1,604 км замаар 3 улсыг холбоно

Маршрутын хувьд тус хурдны замыг Казакстаны Усть-Каменогорскоос Рубцовск хот, дараа нь Барнаул хот, Оросын Туэкта суурин хүртэл барьж Монголын хилд хүргэсэн буюу 1,604 км-н урттайгаар барихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Казакстаны талаас Уст-Каменогорскоос Оросын хил хүртэл 189 км замыг барьсан аж. Харин замын ихэнх хэсэг нь Оросын газар нутгийг дайрч байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчдын зөвшөөрлийг хүлээж буй. Хэрэв Оросын эрх баригчид толгой дохивол нийт замын 837 км хүртэлх хэсгийг барих аж.

☝️ Эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ

Шинэ хурдны автозам ашиглалтад орсноор 2 орны хооронд зорчих хугацааг мэдэгдэхүйц богиносгож, худалдаа, тээвэр, соёлын харилцааг бэхжүүлэх нь тодорхой. Цаашлаад, Монголоос Казакстан руу 3-4 өдөрт очих боломжтой гэхээр аялал жуулчлалд ч эерэг нөлөөтэй. Нэмээд Казакстанд салбараа нээсэн Монгол компаниудын тээврийн зардал ч буурна.

Ижил зовлонтой 2: Монгол, Казакстаны аль аль нь газарзүйн түгжигдмэл байршилтай учраас худалдаа наймаагаа төмөр замаар болон хил дамнасан ачааны машинаар хийж ирсэн байдаг.

Эцэст нь… Сүүлийн 2 жилд Төв Азийн орнууд эрчимтэй хөгжиж, нэн ялангуяа технологийн салбартаа барууны орнуудаас ихээхэн хөрөнгө оруулалт татах болсон. Монголын талаас ч Төв Азийн зах зээлийг сонирхож, салбар компаниудаа Казакстан, Киргизстан, Узбекистанд голчлон нээж буй компаниуд олширч байгаа. Зам дагаж хөгжил гэдэг шиг одоо яригдаж буй энэ төсөл аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн салбарт ч олон боломжийг авчирна. Гол нь энэ боломжууд бидний мөнхийн хөрш орнуудаас хамааралтай байдаг нь л харамсалтай юм даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ