Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Импортын барааны үнийн ирээдүй

 

Одоогоор $1 авахын тулд ₮3,381 зарцуулж байна. Тэгвэл төгрөгийн ханш ямар үед чангарч, бидний авч байгаа импортын барааны үнэ буурах вэ?  

🌈 Сайхан цаг үе

2010 оны яг энэ үед $1=₮1,325 байж. Одоо бол доллартой харьцах төгрөгийн ханш энэ үеэс 155.2% суларсан хэрэг. Өөрөөр хэлбэл 2010 онд Netflix-н сурталчилгаатай 1 сарын эрх авахын тулд ₮9.3 мянгыг зарцуулдаг байсан бол одоо ₮23.6 мянгыг зарцуулж байна. 

❓ Шалтгаан: Төгрөгийн сулрал нь гадаад худалдааны тэнцэл, гадаад өр, инфляц зэрэгтэй холбоотой. Гадаад өрийн хэмжээ л гэхэд 2015 оны эхэн үеэс 60.8% нэмэгдэж $35 тэрбумд дөхсөн. Гадаад өр нь гадаад валютын нөөцийг бууруулж, төгрөгийн ханшийг сулрахад хүргэдэг.

🚿 Гадагш урссаар… 

Цаашлаад, төлбөрийн тэнцлийн урсгал дансны задаргааг харвал, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбаруудын баланс дандаа хасах утгатай байгаа. Тодруулбал, энэ оны 7-р сарын байдлаар тээврийн салбарт $57.8 саяын орлого орж ирсэн ч $86.3 саяын зардал гарчээ.  Учир нь уул уурхайн салбарын тээврийн 60%-ийг Хятад компани гүйцэтгэж байгаа тул тээврийн салбарын зардал гадагшаа урсаж буй. 

💸 Орсноос илүү гарах: Аялал жуулчлалын салбарт ч ялгаагүй Монгол руу жуулчин татах нэлээд том төслүүд хэрэгжүүлж байгаа ч гарсан мөнгө нь орсноосоо $7 саяар давсан байна. Өөрөөр хэлбэл, гаднын жуулчдын Монгол руу оруулсан $ гадаад руу аялж гаргаж байгаа $-оос давахгүй байгаа хэрэг. 

📈 Төгрөгийн ханшийг чангатгахын тулд… 

Тэгэхээр бид тээврийн салбарын дотоодын чадавхыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч байж урсгал дансны алдагдлыг бууруулж, төгрөгийн ханшийг чангатгах юм. 

Нэмээд импортыг бууруулах, дотоод үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг өгүүлбэрээр бол, бүх төрлийн замаар гаднаас орж ирэх $-ыг нэмэгдүүлж байж л ₮-ийн ханш тогтворжих, чангарах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бараа, үйлчилгээний үнэ тогтворжиж, иргэдийн эдийн засгийн ачаалал буурах учиртай. 

Эцэст нь… Уг нь бол Монголбанк гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ₮-өөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлнэ гээд энэ асуудал дээр нэлээд анхаарч байгаа. Харин төр засаг маань гадаад өрийн удирдлага, төсвийн сахилга бат дээрээ анхаарах хэрэгтэй байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ