OpenAI бизнес чиглэлээ өөрчилж ашгийн төлөө ажиллахаар болж байна. Үүний хажуугаар хэдхэн сарын дотор 2, 3 захирлууд нь ар араасаа ажлаа өгч байгаа. Юу болоод байна?
💱 OpenAI: Ашгийн бусаас Ашиг руу
Тэд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа л ашгийн төлөө бус хүн төрөлхтний тусын тулд хиймэл оюун ухаан (AI)-ы судалгаа, хөгжүүлэлт хийх эрхэм зорилготой компани байсан билээ. Шалтгаан нь юу байв?
🤑🫰 Юань, доллар, иен: Сарын өмнөөс OpenAI зах зээлийн үнэлгээгээ $150 тэрбумд хүргэх хэмжээний хөрөнгө оруулалтыг Apple (AAPL), Microsoft (MSFT), Nvidia (NVDA) тэргүүтэй компаниудаас татах талаар мэдээлэл тархаж байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт татахын тулд тэд ашгийн бус компанийн бүтцээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн хэрэг.
✋ Энд нэг хаалт байна: Тодруулбал, компани 2019 онд Microsoft-с $1 тэрбумын санхүүжилт татахдаа ашгийнхаа хязгаарлагдмал хувийг хуваах замаар хөрөнгө оруулалт татаж байв. Ер нь л компанийн ашгийн бус статус тэднийг урт хугацаанд өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татахад саад болж байсан тул одоо ашгийн төлөө ажиллаж AI-аа хөгжүүлэх тогтвортой урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах аж.
🥊 ТУЗ vs Гүйцэтгэх захирал
Одоо харин компанийн дотоодод үүсээд буй асуудал руу өнгийвөл, өчигдөрхөн Технологи хариуцсан захирал Мира Мурати албан тушаалаа өгөхөө зарлаад буй. Тэрбээр OpenAI-н гол хүмүүсийн нэг төдийгүй Сэм Альтман өнгөрсөн 11-р сард Гүйцэтгэх захирлын суудлаас түр буух үеэр түүнийг түр орлож байсан нэгэн.
🔪 Хоорондоо таардаггүй: Компанийн ТУЗ болон Сэм Альтман хоорондоо таардаггүй гэдгийг түүнийг ажлаас нь халж байснаас харагддаг. Түүнээс хойш 2 хамтран үүсгэн байгуулагч, 2 захирал компаниа орхиж тус тусын мөрийг хөөгөөд байна.
➕ Өрсөлдөгч +1: OpenAI-н үүсгэн байгуулагчдын нэг болох Илья Суцкевер компаниа орхиж өөрийн бас нэг AI компанийг үүсгэн байгуулсан бөгөөд ямар ч бүтээгдэхүүн гаргаж амжаагүй байхдаа $1 тэрбумын хөрөнгө оруулалт татсан аатай нэгэн дээ.
Юутай ч OpenAI бизнесийн ертөнцөд хөл тавьж, томоохон хөрөнгө оруулалтуудаа эхнээсээ татах бололтой. Гол нь компани 2 жилийн дотор бүтцээ ашгийн бус компаниас ашгийн болгож өөрчлөхгүй бол шинэхэн хөрөнгө оруулагчид нь мөнгөө буцааж авах хэлэлцээр байгуулж байгаа сурагтай. Юу л болох бол доо…