АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Ипотекийн зээлийн 73.5% нь Улаанбаатарт олгогджээ

 

Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тэр дундаа алслагдсан дүүрэг, орон нутагт олгох ипотекийн зээлийг нэмнэ гээд байгаа. Энэ нь зах зээлд яаж нөлөөлөх вэ? 

💰 ₮1.2 их наяд

Засгийн газар 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэхээр зорьж буй. Ипотекийн зээлийг банкны болон ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэрээр олгож буй. Банкны эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлийн хэмжээ 2023 онд дээд хэмжээ буюу ₮1.1 их наядад хүрч байсан бол ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон нь 2022 онд ₮980.4 тэрбумд хүрч байж. Тэгэхээр ЗГ хөтөлбөрөөр олгогдох эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэх бололтой. Нэмээд амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болгох юм. 

📃 Одоогийн нөхцөл байдал: Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээл авагсдын тоо 120.3 мянгад хүрсэн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл нь ₮8.8 их наяд. Өөрөөр хэлбэл, нийт ипотекийн зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөсөө 26.3% буюу ₮1.8 их наядаар нэмэгдсэн хэрэг. Түүнчлэн зөвхөн өнгөрсөн сард л гэхэд шинээр 1,600 зээлдэгчид ₮218.6 тэрбумын ипотекийн зээл олгосон байна. 

📍 Байршлаар нь: Энэ оны эхний 8 сард шинээр олгосон ипотекийн зээлийн хэмжээ ₮1.5 их наядад хүрсэн бөгөөд үүний 73.5% нь Улаанбаатарт, 26.5% нь орон нутагт олгогджээ. Орон нутаг дундаа Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад хамгийн их ипотекийн зээл олгогдсон аж. Харин Говьсүмбэр, Булган, Хэнтий аймгуудад олгогдсон ипотекийн зээл хамгийн бага байна. 

🤔 Ямар өөрчлөлт гарах вэ?

Ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх нь иргэдийн зээл авах чадварыг нэмэгдүүлж, орон сууц худалдан авах сонирхлыг нэмэгдүүлнэ. Орон сууцны эрэлт нэмэгдэхийн хэрээр зах зээл дээр нийлүүлэлт хангалтгүй тохиолдолд үнэ өснө гэсэн үг. Ялангуяа барилга, дэд бүтэц сайн хөгжөөгүй орон нутагт байрны үнэ магадлал өндөр. 

Эцэст нь… Алслагдсан дүүрэг, орон нутгийн ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь хүртээмжийн хувьд таатай мэдээ. Гэхдээ хаана нэмэгдүүлэх нь оновчтой вэ, хэр ихээр нэмэгдүүлэх вэ гэдгийг бодолцох нь зүй. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ