АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Petro Matad-н шинэ газрын тосны хайгуул

 

Газрын тосны хайгуул хийж буй Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Petro Matad (MATD.L) Тамсагийн сав газарт орших “Мазаалай-1” хайгуулын цооногийн өрөмдлөгөө эхэлжээ. Үүнээс гадна тэд он дуусахаас өмнө “Heron-1” хайгуулын цооногоос анхны газрын тос гарган авахаар ажиллаж байгаа билээ

🖼️ Тамсагийн сав газар: Тус газар нь Дорнод аймагт орших Матад болон Нүхэт давааны нурууны хооронд оршдог 350 км урт, 75-100 м өргөнтэй газрын тосны арвин нөөцтэй байх боломжит талбай аж. 

🛢️ Газрын тосны хайгуул

Petro Matad нь Дорнод аймагт газрын тосны хайгуул хийх зорилгоор Матад XX талбайг эзэмшдэг бөгөөд одоогоос 4 жилийн өмнө тус талбай дээр 11 цооног өрөмдсөнөөс 6-гаас нь газрын тосны илэрц тогтоогдоод буй. Тус компанийн хайгуул хийж буй талбайгаас газрын тосны орд илрэх өндөр магадлалтай гэсэн үг. 

🐻 Чухал төсөл: XX талбайд орших “Мазаалай-1” цооногийн дундаж нөөцийг 307 сая баррель хэмээн тооцсон байгаа бөгөөд цооногийг ойролцоогоор 1,800 м хүртэлх гүнд 20 орчим хоногт өрөмдлөг хийхээр төлөвлөөд буй

✅ Батлагдсан: Цаашлаад компанийн хайгуулын “Heron-1” болон “Gazelle-1” цооногууд газрын тосны агуулгатай нь тогтоогдсон бөгөөд тус цооногууд нь Тосон-Уул хэмээх газар 2 тэрбум баррель газрын тосны нөөц илэрч байсан газарт байршиж буй. 

⛏️ Бусад төслүүд

Компани өнгөрсөн тайландаа Дорнод аймгийн удирдлагуудтай “Цэн тогоруу” талбайд хайгуул хийх зөвшөөрөл авах асуудал дээр нэлээн маргаантай байгаагаа тусгаж байсан. Улмаар талууд тус асуудлыг өнгөрсөн 4-р сард эцэслэж Petro Matad тус талбайд хайгуул хийх зөвшөөрлөө авсан юм. 

🍰 Мэдэх үү? Petro Matad бол олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалсан Монголын анхны компани төдийгүй компанийн гол хувьцаа эзэмшигч болох Петровис ХХК 21.44%-ийг нь эзэмшиж буй. Цаашид газрын тосны хайгуул нь амжилттай болж хайгуулын талбайнуудаасаа газрын тос олборлоод эхэлбэл компани газрын тос боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа юм.

Эцэст нь… 2023 онд Монгол дунджаар өдөрт 13,395 баррель түүхий нефтийг олборлосон байдаг. Харамсалтай нь бидэнд нефт боловсруулах үйлдвэр байхгүй тул газрын тосоо түүхийгээр нь Хятад руу гаргаж боловсруулдаг. Дотоодын хайгуулаа эрчимжүүлж, боловсруулах үйлдвэрээ яаралтай барихгүй бол Монголын хөршүүдийнхээ ая, талыг харж амьдардаг амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилсээр… 

ШУУД ДАМЖУУЛАЛТ