Эх орныхоо өнцөг булан бүр дэх үйлдвэрлэл, бүтээн байгуулалттай танилцах зорилготой Travel with Lemon Press-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаад MCS Coca-Cola ХХК-ийн үйлдвэрээр хамтдаа аялцгаая.
Бидний аялал хотын төвөөс 7.7 км-ийн зайд орших MCS Coca-Cola-н Амгалангийн үйлдвэрээс эхэлнэ. Тус үйлдвэр нь 2009 онд ашиглалтад орж байсан бөгөөд өмнөх үйлдвэрээсээ 3.4 дахин өндөр хүчин чадалтай, нийт 50,000 м.кв орчим талбайг хамарсан томоохон үйлдвэр байв. Тэд анх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 3 шугамтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 7 шугамтай болж өргөжжээ. Өнгөрсөн хугацаан дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг нь дурдахад, 2009 оноос Fuze Tea, 2013 оноос Punch, 2014 оноос Schweppes брэндийг хуванцар савлагаатайгаар дахин үйлдвэрлэж, Bonaqua Bubble-г зах зээлд гаргасан бол хамгийн сүүлд Vio Millenia эрдэст усаар бүтээгдэхүүний нэр төрлөө нэмээд буй.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц
Харин одоо та бидний уух дуртай MCS Coca-Cola ХХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ямар шат дамжлагыг дамжиж хэрэглэгчийн гарт хүрдэг талаар сонирхоцгооё.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 7 шугамын 6 нь ундаа, ус, 1 нь халуунаар савлагддаг бүтээгдэхүүн буюу цай, шүүс үйлдвэрлэдэг шугам. Тус шугамуудаар бүтээгдэхүүн савлахад бэлэн болсон савнууд ундаа, ус савлагч машин, дараагаар нь бөглөх, шошголох, кодлох, багцлах хэсгийг дамжсанаар агуулах руу явдаг байх нь. Бүтээгдэхүүн ийн бэлэн болох явцад тэд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээсээ дээж авч, лабораторидоо хадгалдаг төдийгүй бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах хүртэл дээжүүд нь хадгалагдаж байдаг гэсэн шүү.
Цаашлаад, үйлдвэрийн хамгийн сонирхолтой хэсэг бол “Hotline” буюу халуунаар савладаг бүтээгдэхүүн болох цай, шүүсний шугам. Хэрэв та анзаарч байсан бол Fuze Tea-ны амсар нь бусад бүтээгдэхүүнийхтэй харьцуулахад зузаан цагаан байдаг даа? Энэ нь тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ халуунаар савладагтай холбоотой. Цайны төрлийн бүтээгдэхүүний амт, чанарыг хадгалахын тулд халуунаар савлах нь чухал байдаг төдийгүй 80 орчим градуст савлагдсан бүтээгдэхүүнийг үе шаттай хөргөх нь мөн чухал байдаг ажээ.
Үйлдвэрийн онцлог
MCS Coca-Cola-н үйлдвэрт Германы Krones брэндийн машинуудыг ашиглан, тасралтгүй үргэлжлэх үйлдвэрлэлийн үр дүнд тэд хоногт дунджаар 2 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буй. Түүнчлэн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээсээ хими болон микробиологийн шинжилгээ авч, чанар стандартыг шалган баталгаажуулсны дараа цай, шүүс нь 7-10 хоногт хэрэглэгчийн гарт хүрдэг бол бусад бүтээгдэхүүн үйлдвэрээс шууд түгээгддэг аж.
Мэдээж ажилчдаа халамжилна: Тус үйлдвэр нь оффистойгоо хамт байдаг бөгөөд ажилчдаа ч халамжлах хөөрхөн хэсгүүдтэй. Тухайлбал, үйлдвэрийн байгууламж дотроо бариа заслын төв, дасгалын болон спорт заалтай төдийгүй үйлдвэрийн хажууханд цэцэрлэгтэй гэж байгаа.
Алсын хараа: Байгальд ээлтэй үйлдвэрлэл
Уншигч нартаа бяцхан нууц задлахад, MCS Coca-Cola энэ өвөл анхны дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар ажиллаж байгаа гэсэн шүү.
Энэ бүхэн Coca-Cola (KO)-н 2018 оноос эхлэн борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцэх хэмжээний хуванцар савыг дахин боловсруулах санаачилга гаргаж байсантай холбоотой. Улмаар MCS Coca-Cola ч 2021 Монголд хуванцар дахин боловсруулах үйлдвэр болох TML ХХК-ийг санаачлан, ашиглалтад оруулж байв. TML ХХК нь жилд 27,000 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ба өнгөрсөн онд 3.3 тн орчим хуванцар сав цуглуулж, боловсруулан экспортод гаргасан байдаг. Гэснээс бид MCS Coca-Cola ХХК-тай хамтран TML хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэл болон бизнесийн талаарх Business Spotlight контент гаргасан шүү. ЭНД дарж үзэж, сонирхоорой. 🍋
Дахин боловсруул! Сонирхолтой нь MCS Coca-Cola-н оффисын зарим ажилчдын хувцсыг дахин боловсруулсан хуванцраар хийсэн төдийгүй ганц хувцсаар тогтохгүй үйлдвэрийн гадаах бродюр, сандал, саравч, халбага, сэрээний комоос эхлээд дахин боловсруулсан хуванцраар хийсэн эцсийн бүтээгдэхүүнээр үйлдвэрээ чимсэн нь анхаарал татаж байв.
Компанийн нийгэм, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай хэрэгжүүлэгч байх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг бол технологийн үйл ажиллагаанаас гарсан бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах. Улмаар 2010 онд үйлдвэрийнхээ хажууд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулж байсан түүхтэй. Тус байгууламж хоногт 2,000 тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилд цэвэршүүлсэн усаа үйлдвэрийнхээ ногоон байгууламжийн усалгаанд ашиглахын сацуу аж ахуй нэгж, хот тохижилтын газарт зам цэвэрлэгээ, автомашин угаалга, гал түймэр унтраах, бетон зуурмаг зуурах зэрэгт ашиглахаар үнэ төлбөргүй нийлүүлсээр иржээ.
MCS Coca-Cola тогтвортой хөгжлийн манлайлагч байх алсын хараатай компани. Тиймээс ч үйлдвэрлэлээ алхам, алхмаар тогтвортой хөгжлийн чиглэлд хөгжүүлж буй. Компани дэвшүүлж буй зорилтоо хэмжигдэхүйц байх тал дээр ихээхэн анхаардаг бөгөөд үүнийг тоо баримтаар хэмжвэл,
6 жилийн дотор CO2-н ялгаруулалтаа 25% бууруулах зорилтын хүрээнд тэд 3 жилийн өмнө нүүрсээр ажилладаг зуухаа халж, хийн зуух ашиглах болсноор нүүрсний хэрэглээг халсан анхны үйлдвэр болж байв. Ингэснээр тэд CO2-н ялгаруулалтаа жилд 4,800 тн-оор
Түүнчлэн 100% цахилгаанаар ажилладаг цахилгаан сэрээт өргөгчүүдийг ашиглаж, нийт 12,000 хөргөгчийнхөө 73%-ийг байгальд ээлтэй болгоод буй.
Эцэст нь… Тогтвортой хөгжлийн манлайлагч болох зорилттой үндэсний томоохон үйлдвэрлэгчийн үйлдвэрээр танилцахын сацуу компанийн ТХЗ манлайлагч болох замналаар нь ч аялсан мэт санагдаж байв. Гэснээс MCS Coca-Cola-н үйлдвэрийн үүд хаалга 13-аас дээш насны бүх хүмүүс нээлттэй. Ийн насны хязгаар тавьсны учир нь Coca-Cola (KO) компани хариуцлагатай маркетингийн бодлогын хүрээнд 13 наснаас доош насны хүүхдүүдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах маркетинг хийхээс татгалзсан бодлого баримталдагтай холбоотой юм.