Засгийн газар 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаа болгон хөрвүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Тэгвэл энэ шийдвэр юуг өөрчлөх вэ?
😴 Сонгуулиар л сэрдэг байв
Одоогоос 12 жилийн өмнө иргэн бүр Эрдэнэс Тавантолгой (ЭТТ)-н 1072 хувьцаатай болсон ч сонгуулийн жилүүдэд л ЗГ-т буцааж зарах эсвэл ногдол ашиг авах боломж гардаг байв. 2012 оны сонгуулиар ЗГ 1072 хувьцааг ₮1 саяар худалдаж авснаар 70 мянга гаруй иргэн ЭТТ-н хувьцаагүй болсон байх жишээтэй. Нэмээд бидний мэдэж байгаачлан энэ жил УИХ-ын сонгууль таарсан тул бүх хувьцаатай иргэд ЭТТ-н 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хүртсэн.
⁉ Одоо юуг өөрчлөх вэ?
Дээрх жишээнээс харж байгаачлан иргэн бүр хувьцаатай ч түүнийгээ арилжаалах, нэмж ЭТТ-н хувьцаа авах, компанийн мэдээллийг ил тодоор авах нөхцөл бүрддэггүй байсан. Нэг өгүүлбэрээр бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг илт зөрчигдөж байсан хэрэг.
💭 Өөрчлөлт: ЗГ 100 хоногт багтан Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй болгож олон улсын менежментийн компаниар удирдуулахаар болоод буй. Улмаар төрийн хамаарал буурч, засаглал сайжруулах, тус компанийн хувьцаа биржээр нээлттэй арилжаалагдах, цаашлаад олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжууд үүснэ.
🤔 Ямар боломж байна?
ЭТТ нь үнэт цаас бүртгүүлэх хүсэлтээ 2018 онд МХБ (MSE)-д хүргүүлж шийдвэрлүүлсэн тул МХБ-д бүртгэгдэх боломжтой. Одоо компанийн үнэт цаасыг СЗХ бүртгэснээр олон нийтэд нээлттэй арилжаалах нөхцөл бүрдэнэ. Ингэж ЭТТ “ХК” болсноор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэрч, иргэд хувьцаагаа захиран зарцуулах боломжтой болж бодит ханш тогтож арилжаа эхэлнэ.
Эцэст нь… Олон жил асуудал дагуулсан ЭТТ одоо л зөв зүг рүүгээ эргэлээ. Одоо ажил хэрэг болгох л үлдэв. ЭТТ нээлттэй болсноор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангагдаад зогсохгүй ил тод байдал нэмэгдэж компанийн үнэлгээ өсөх, хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.