Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Долларын хааны шийдвэр

 

Холбооны Нөөцийн Сан (ХНС) сүүлийн 4 жилд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа. Энэ нь зах зээлд, Монголд ямар нөлөө үзүүлэх вэ? 

1 ➡ 0.5 ➡ 0.25

Өнгөрсөн 7 хоногт Европын Төв банк (ECB) бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 3.5%-д хүргэсний араас Монголбанк ч мөн бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулаад амжсан. Араас нь ХНС ч бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 4.75%-5%-ийн түвшинд хүргээд байгаа нь бүгд инфляц тогтворжсонтой холбоотой. 

🗽 Америкийн тухайд: ХНС сүүлийн 2 жилийн хугацаанд 15 удаа бодлогын хүүгийн шийдвэр гаргасны 7 удаад нь бодлогын хүүг хэвээр үлдээж, 7 удаад нь нэмж, 1 удаа бууруулаад буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.

🤔 Юу болох билээ? Америкийн бодлогын хүү буурснаар зээл, орон сууц, бизнесийн зээлийн хүү багасаж бизнесүүдийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлнэ. Нэмээд, хөрөнгө оруулагчид ЗГ-ын бонд гэхээсээ илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонирхож эхлэх тул үнэт цаасны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх юм.

 💭 Монголд наалдах пад

Хамгийн хүчирхэг эдийн засагтай орны бодлогын хүүгийн бууралт дэлхийн бусад эдийн засгуудад ч нөлөөлж түүхий эдийн эрэлт нэмэгдэх магадлалтай. Ингэснээр түүхий эдийн үнэ өсөх нөхцөл бүрдэж байгаа нь түүхий эдээр хоолоо зогоодог манайд эерэг мэдээ. 

 📉 Сулрал, чангарал: Мэдээж хэрэг энэ шийдвэр нь $-ын өгөөжийг бууруулах тул $-ын ханш бусад валютуудын эсрэг суларна. Тэгэхээр төгрөгийн ханш бага зэрэг чангарах нөхцөл үүсэж гадаад өр, зээлийн үйлчилгээний зардлыг буурахад нөлөөлөх учиртай. Мөн хөрөнгө оруулагчдад Америкийн хүү моод байхаа болих тул манай бондуудыг сонирхох нигууртай.

Эцэст нь… Долларын хааны шийдвэр Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болзошгүй байгаа ч Монголын төсвийн бодлого, элдэв дээдийн шийдвэрүүд нь бас яаж нөлөөлж юу болох бол доо… 

ШУУД ДАМЖУУЛАЛТ