Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Стратегийн 16 ордын 7 нь төрийн оролцоотой

 

Манай эдийн засгийг уул уурхай л нуруун дээрээ авч явдаг. Гэтэл энэ салбарт нэлээд хэдэн асуудал бий. Төрийн оролцоотойгоор бодлогын өөрчлөлт бүрээр асуудал хурцдаад л намжаад л… Өнөөдөр стратегийн ордуудын эргэн тойронд юу болж байгаа талаар хүргэе.

16 ➡ 7, 9

Манай эдийн засгийн оргил үе буюу одоогоос 12 жилийн өмнө “Стратегийн” гэх тодотголд 39 ордыг нэр дэвшүүлж байлаа. Харин одоогийн байдлаар үүнээс 16-г стратегийн орд гэж бүртгэсний 7 нь төрийн оролцоотой, 9 нь хувийн хэвшлийн эзэмшилд байгаа. 

📃 Учир начир: Саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хуулиас бүрдсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн орд эзэмшигчид хувьцааныхаа 10%-иас доошгүйг олон нийтэд нээлттэй арилжаалах шаардлагатай буюу IPO хийх хэрэгтэй болсон гэсэн үг. 

😶 Нээлттэй хэд нь: Стратегийн нүүрсний ордуудын олборлогчид буюу Багануур ХК (BAN), Шивээ овоо ХК (SHV) гэх нээлттэй компаниуд бий. Гэхдээ өдрийн од шиг хэдэн арилжааны түүхтэй, үйл ажиллагааны тайлан нь ч алдаг оног. Тэгэхээр энэ заалтыг биелүүлэхийн тулд нэлээд их өөрчлөлт хэрэгтэй болох нь. 

💭 Төрийн оролцоо нэмэгдэх үү? Нэмээд стратегийн ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно гэж заасан. Энэ заалт хэрэгжвэл стратегийн ордод байгаа одоогийн төрийн оролцоо улам нэмэгдэх нь.

❗ Цаасан дээрх заалтууд хэзээ хэрэгжих вэ? 

Уг нь бол банкны реформ болж бүх системийн банк гарсан хуулийн дагуу IPO хийгээд, банкны 1 хувьцаа эзэмшигч дээрх төвлөрөл 20%-иас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг хугацаандаа хэрэгжүүлээгүй гээд $1.3 тэрбумын ээлийн санхүүжилт эргэн татагдах нөхцөл байдал үүсээд байсан. Харин стратегийн ордуудын мөрдөх хуулийн араас ямар нэгэн шийдвэр, хэрэгжүүлэлт явахгүй л байна.     

Эцэст нь… Уг нь бол хууль дүрмийг мөрдөнө, мөрдөх боломжтой, ач холбогдолтой гэж бодож л баталдаг байлтай. Яг хуулиараа стратегийн ордууд 10%-иа нээлттэй арилжаалдаг болчихвол жинхэнээсээ л бид баялагтаа эзэн болох байх. Гэхдээ түүнээс өмнө төрийн оролцоог ямар байхаа тогтоож, хэзээ хуулийн хэрэгжилт хангагдахыг тодорхойлж, эрх зүйн орчин, зохицуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй санагдана.

ШУУД ДАМЖУУЛАЛТ