Энэ оны эхний хагас жилийн байдлаарх сарын голч цалин анх удаа ₮2 саяыг давлаа. Цалингийн эргэн тойронд юу болж байна? Худалдан авах чадвар хэр дээшлэв?
💭 Голч & Дундаж: Голч цалин гэдэг нь хамгийн бага цалинг хамгийн их хүртэл эрэмбэлэхэд дунд нь орших утга юм. Харин дундаж нь нийт цалингийн хэмжээг ажилчдын тоонд хуваасан дүн.
📃 Ерөнхий нөхцөл байдал
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 3.3% нэмэгдэж 51.7 мянгад хүрсэн аж. Улмаар ажиллагчдын тоо ч бага зэрэг буюу 2.4% өсжээ.
📈 Дундаж цалин = ₮2.5 сая: Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин жилийн өмнөхөөсөө 30.4% өсөж ₮2.5 саяд хүрчээ. Мэдээж уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин ₮456 мянгаар нэмэгдэж ₮5.1 сая болсноор улсын дунджаас хол тасраад буй. Харин нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн бага буюу ₮1.5 сая байна.
🤔 Голч цалин яагаад өсөв? Оны эхний хагаст ₮3.5 саяас дээш цалинтай ажилчдын нийтэд эзлэх хувь 7.8 нэгж хувиар өссөн бол нөгөө талд ₮550 мянга хүртэлх цалинтай ажилчдын эзлэх хувь 9.2 нэгж хувиар буурсан нь голч цалинг нэмэгдүүлсэн хэрэг.
🥏 Зөрүү холдов: Харин голч цалин ₮2 саяыг давснаар 2023 оны I улиралд дээд цэгтээ очоод байсан дундаж болон голч цалингийн зөрүү тухайн үеэс 8.4%% буурч ₮437.9 мянгад хүрэв. Зөрүү холдох тусам нийгмийн орлогын тэгш бус байдал нэмэгдэж байгааг илтгэнэ. Оны эхний хагаст энэ зөрүү бага зэрэг холдсон ч 2014 оныхоос бол 113.7% өндөр хэвээр байгаа хэрэг.
❗ Чанартай өсөлт үү?
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс оны эхний хагаст 2020 оныхоос 2 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 39.5% л нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн цалингийн өсөлтөөс инфляцыг хасаад тооцоход бидний цалингаараа худалдан авалт хийх чадвар бодит байдал дээр тийм ч их сайжраагүй гэсэн үг.
Эцэст нь… Голч цалин нэмэгдэж дундаж болон голч цалингийн зөрүү багаар ч гэсэн ойртож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манайд салбаруудын цалингийн ялгаа өндөр тул цалин багатай салбаруудыг хөгжүүлж орлогыг нь нэмэгдүүлэх замаар орлогын тэгш бус байдлыг бууруулах тал дээр анхаарах нь чухал байгаа юм сан.