Сүүлийн 5 жилд л гэхэд ЕБС төгсөж буй хүүхдүүдийн тоо 39% өсөж 99 мянгад хүрээд буй. Гэтэл боловсролын салбарт 4,200 гаруй багшийн орон тоо сул байгаад байдаг. Нөгөө талд Боловсролын сайд тус сул орон тоог гэрээт багшаар нөхөхөө мэдэгдсэнээр тус асуудал дээрх олон нийтийн байр суурь 2 хуваагдаад байна. Ер нь 2.7 онооноос дээш голчтой хүнийг гэрээт багшаар ажиллуулна гэдэг чинь хэр боломжтой бодлого билээ?
🤏 Босго оноо нь арай бага уу?
БШУЯ-наас багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг шинээр баталж, голч дүн нь 2.7 онооноос дээш математик, физик, хими, англи хэл, бизнес, ЭЗ тэргүүтэй чиглэлээр бакалаврын зэрэгтэй иргэн болон III, IV дамжааны оюутныг гэрээт багшаар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Улмаар гэрээт багшаар ажиллах сонирхолтой хүмүүс 45 хоногийн сургалтад сууснаар багшлах эрхтэй болох аж.
👩🎓👨🎓 Айлын хүүхдүүд: Монгол л ганц иргэддээ гэрээгээр багшлах боломж олгоод байна уу гэвэл бас үгүй. Тодруулбал, Японд JET Program, Өмнөд Солонгост EPIK Program, Хятадад ч иймэрхүү төрлийн зохицуулалт байдаг. Ялгаа нь тэдгээр улсуудын хөтөлбөр нь англи хэл заах гэрээт багш нар руу чиглэсэн төдийгүй тавьж буй босго нь ч овоо өндөр.
Төр 🆚 хувийн хэвшил: Тус журмыг эсэргүүцэж буй иргэдийн дэвшүүлж буй санаа нь босго оноо бага байгаа явдал. Томоохон групп компани 2.7 буюу “C”-гээс дээш үнэлгээтэй төгссөн төгсөгчийг ажилд авах нь ховорхон. Гэтэл төрийн байгууллагад бол босго оноо тийм ч чухал биш бололтой.
🤐 Оргүйгээс охинтой нь дээр?
Боловсролын сайдын ярьж буй гол зүйл бол “Хэрэв та сайн физик ч бол ирээд багшлаад өгөөч ээ, хичээл заах багш байхгүй байна аа” гэх агуулга. Тэрбээр уг журам боловсролын салбарт тулгарч буй ажиллах хүчний хомсдолыг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх төдийгүй цаашид олон хүнд багшаар ажиллах боломжийг нээнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
🥶 Хомсдол яагаад үүсэв? Хэл ам дагуулсан тус журмын цаана яагаад багшлах хүн олдохгүй байгаа вэ, гэдэг. Алсдаа багш нарыг багшлах хүсэлгүй болгож байгаа цалин хөлс, ачааллын асуудлыг шийдэж тэднийг торгоох арга хэмжээ авахгүй бол бүр ч том асуудал дэгдэх нь тодорхой.
Эцэст нь… Ажиллах хүчний хомсдол ганц боловсролын салбарын тулгамдсан асуудал биш. Монгол даяараа л ажиллах хүчний хомсдолд ороод буй. Юутай ч шинэхэн Боловсролын сайд маань өндөг шийдүүлэн барин салбартаа өөрчлөлт хийх гээд үзээд л байна. Гол нь үр дүн нь одоогийн нөхцөл байдлыг дордуулах болов уу, дээрдүүлэх болов уу? 🫣