Олон тулгуурт, уул уурхайн бус ХАА-н эдийн засагтай орон болно гэх биелдэггүй зорилтууд уг нь бидэнд бий. Угаас Монголын экспортын төрөлжилт маш сул гэдэг нь энэ үзүүлэлтээр сүүлийн 15 жилийн хугацаанд 17 байр ухарч 117-рт эрэмбэлэгдсэнээс хангалттай харагдана.
😞 Баян гэхдээ ядуу улс
Тэмээний ноос болон ноолууран бүтээгдэхүүний экспорт нийт экспортын маш бага хувийг эзэлдэг хэдий ч уул уурхайн бус экспортын сагсыг өргөжүүлэх маш том боломжит бүтээгдэхүүн юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тэмээний ноос Хятадын эрэг орчмын хувцас үйлдвэрлэгчдийн түгээмэл түүхий эд болоод буй.
🥶 Одоогийн нөхцөл байдал: Монгол жилд дунджаар 49.8 мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй төдийгүй үүгээрээ дэлхийд 2-рт бичигддэг. Үүний хамгийн их буюу 37 мянган тн-ыг хонины ноос, 10 мянгыг нь ямааны ноолуур, 2,000 тн-ыг тэмээний ноос бүрдүүлж буй.
🤏 Үр шим бага: Цаашлаад Монгол тэмээний гэлтгүй самнасан ноосныхоо 70%-ийг угаагаад л шууд экспортолж байгаа. Улмаар угаасан ноосоо бараг бүхэлд нь Хятад руу гаргаж байгаа бол самнасан ноосыг Хятад дотооддоо боловсруулж бусад зах зээл рүү гаргаж байна.
⚠️ Анхаарна байгаа!
1990-ээд онд Монголын тэмээн сүргийн тоо толгой хамгийн өндөр буюу 537 мянга байсан хэдий ч ардчилалд шилжсэн он жилүүдэд бараг 2 дахин буурсан байдаг. Азаар сүүлийн 10 жилд тэмээний тоо толгой 47% өсөж өнгөрсөн оны байдлаар 473.8 мянгад хүрээд буй. ЗГ уул уурхайн бус ХАА-н эдийн засагтай болно гээд зорилт тавьсан хэр нь мал сүргийнхээ тоог өсгөх тал дээр ер нь анхаарч байгаа болов уу?
💡 Тэмээний ашиг тус: Бусад 5 хошуу малтай харьцуулахад тэмээ бут сөөг зэрэг говийн хатуу ургамлаар хооллодог бол ямаа өвсний шимтэйг нь сорчилж идэх, цаашлаад бэлчээрийн талхлал, цөлжилтийг эрчимжүүлэх хооллолтын хэв маягтай. Иймээс ч тансаг зэрэглэлийн брэндүүд тэмээний ноосны зөөлөн болон бат бөх чанараас гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага гэдгийг бодолцон бүтээгдэхүүндээ ашиглах болжээ.
Эцэст нь… Тэртээ 2011 онд Монголын ЗГ Японд тулгарсан байгалийн гамшигт дэмжлэг үзүүлэхээр ₮2 саяын үнэ бүхий тэмээний ноосон хөнжлийг хандивлаж байжээ. Гадна дотнын хүмүүс Монголд ирэхэд монголчуудын нүүрийг тахалдаг цөөн хэдэн бэлгийн нэг бол өнөө л ноос, ноолууран бүтээгдэхүүн байдаг. Одоо харин тэдгээр бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн стандарттайгаар үйлдвэрлэн бэлэг, хандивт явуулдаг шигээ экспортлох хэрэгтэй байна.