АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хөрөнгийн зах зээлд сонгуулийн үзүүлэх нөлөө

 

Зиа, хөрөнгө оруулагчид маань 9-р сар дуусахаар сэрээгээрэй гэчихсэн сууж байна уу? Энэ жил 9-р сарын нөлөөнөөс гадна 11-р сарын 5-нд чөлөөт дэлхийн хамгийн хүчирхэг хүнийг сонгох сонгууль болно. Энэ үйл явдал хөрөнгийн зах зээлд нөлөөлөх үү?

✌️ Сонгууль шүү дээ!

Хөрөнгө оруулагчид болон бизнесийнхэн Камала Харрисаас илүү Дональд Трампыг сонгуульд ялаасай гэж хүсэж байгаа. Учир нь Трамп Камалаг бодвол бизнесийн туршлага ихтэйгээс гадна Ерөнхийлөгч байх хугацаандаа татвар бууруулах, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг багасгах зэрэг бодлого баримталж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор 1961-2023 онд S&P 500 (^GSPC) индексэд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын сонгуулийн үеэрх хөдөлгөөнийг хартал,

Улс төржөөгүй хэд: Тус хугацаанд аль ч намаас Ерөнхийлөгч сонгогдсоноос үл хамааран S&P 500-д $10,000-оор хөрөнгө оруулагсдын багц өдгөө 511 дахин өсөж $5.1 саяд

Улс төржсөн хэд: Харин зөвхөн Ардчилсан намын Ерөнхийлөгчийн үед хөрөнгө оруулагсдын багц өдгөө $500 мянгад хүрсэн буюу улс төржөөгүй хөрөнгө оруулагчдын багцаас 10 дахин бага, зөвхөн Бүгд найрамдах намын үед хөрөнгө оруулагсдынх 50 дахин бага байгаа юм.

😪 Сэтгэлээ хатамжлахгүй бол ч

2016 оны Америкийн сонгуулийн өмнөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, санал асуулгаар Хиллари Клинтон ялах магадлал өндөр байгааг мэдээлж байв. Гэтэл сонгуулийн үр дүн эрс эргэж Дональд Трамп сонгуульд ялснаар зах зээлд томоохон савлагаа үүсэж байсан юм.

⛓️‍💥 Тодруулбал, Дональд Трамп томоохон компаниудын татварын бодлогыг сулруулж, цаашлаад Amazon (AMZN)-н монопол байдлыг таслан зогсоох, Apple (AAPL)-г Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бодлого баримтлахаа зарласнаар олон ч хөрөнгө оруулагчид ирээдүйтэй технологийн компанийн хувьцааг хаяж байсан сан. 

🙅‍♂️ Хуйлрал & туйлшрал: Улс төртэй холбоотойгоор зах зээл яаж ч эргэж болно. Гол нь энэ үед л өөрийн хөрөнгө оруулсан компанийнхаа ирээдүйг тооцдог, судалгаандаа итгэх хэрэгтэй мэт.

Эцэст нь… Хөрөнгө оруулалт гэдэг бол хэзээний л санхүүгийн эрсдэлийг тэсвэрлэх чадвар дээрээс нь нэмээд сэтгэлзүйн савлагааг тэсвэрлэх тэмцэл дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ