Намрын тэргүүн сарын адаг урд, хойд хөршийн томчууд ээлжилсэн айлчлалаар өндөрлөв. Эдгээр айлчлалуудаас анхаарал татсан 3 том төслийн талаар юу яригдсан, ирээдүй хэрхэхээр болсонтой танилцъя.
🗣️ Чухал асуудал: Эрчим хүч
Тус 2 айлчлалын үр дүнд баруун бүсийн эрчим хүчний томоохон төслүүд болох Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Орос, Хятадын дэмжлэгтэйгээр урагшлуулахаар тохиролцоод буй. Тус 2 мега төслүүдийн бүтээн байгуулалт урт удаан жаргалтай хөдлөх гэхээр л хөлдчихдөг талтай. Тэгвэл энэ сэдэв дээр талуудын эрх ашиг зөрчилдөж буй болон нийцэж буй хэсгийг онцолъё.
⛓️ Эгийн голын УЦС: Тэртээ 2013 онд ЗГ-аас Эгийн голын УЦС-ыг барих тогтоол гарч, 2016 онд Хятадын $1 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр барихаар болж байсан ч Оросын эсэргүүцэлтэй тулгарч зогсож байв. Байгаль нуурын урсцад сөргөөр нөлөөлөх тул санхүүжилт нь орж ирсэн ч бүтээн байгуулалт нь эхлээгүй.
💧 Эрдэнэбүрэнгийн УЦС: 2018 онд Хятад тус УЦС-ын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр тохиролцож, 2021 онд гүйцэтгэгчээр нь Power China шалгарч байсан ч санхүүжилтийг удаашруулснаар төслийн ажил ч удааширсан. Юутай ч Хятадын Дэд Ерөнхий сайдын айлчлалаар царцаад байсан тусгайлсан зээлийн гэрээгээ удахгүй байгуулах л юм гэнэ..
🏭 Дулааны III цахилгаан станц: Владимир Путины айлчлалаас өмнөхөн УИХ тус асуудлыг амралтын өдөр ээлжит бусаар хэлэлцэж зарим гишүүд төслийн үнэ өндөр байгааг, гэрээ биш тулган шаардлага шиг байгааг дурдаж байсан. Гэсэн ч үр дүнд нь УИХ-аар дэмжигдэж ₮4.8 их наядаар тус ДЦС-ын өргөтгөлийг хийх нь дээ. 🫣
🐻🐲: Монголд чанадын чанадах дэмжлэг хэрэггүй!
Монголд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэл гэвэл хамгийн эхэнд эрчим хүчний хамааралтай байдал. Ийм ч болохоор Франц, Германы төрийн тэргүүн нар Монголд айлчлах үеэрээ эрчим хүчний тусгаар байдлыг чинь дэмжье гэх агуулгатай яриаг хөндөж байсан.
🫂 Биднийг л түш: Харин нөгөө талд олон жил Монголын эрчим хүчний асуудлыг тоолгүй ирсэн хөршүүд маань гэнэт л өөрсдөө ирээд саад болдог, үл ойшоодог асуудал дээрээ санаачилга гаргаж байгаа нь Монголыг барууны орнуудаас бус өөрсдөөс нь тусламж авахыг хүсэж буй мэт.
Үр дүн… Владимир Путины айлчлалаар шатахуун, эрчим хүчний асуудлаа, Хань Жөний айлчлалаар нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр төмөр замын холболт, боомтын нэвтрэлтийг түргэн шуурхай болгох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Олон жил гацаж байсан том төслүүд гэнэт л ар араасаа болж бүтэхээр, хөдлөхөөр болоод ирлээ. Оронд нь бид юу өгөх бол?