АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Х.Энхжин: Тийрэлтэт онгоцны Монголын анхны эмэгтэй нисгэгч | S4:E5

Lemonade цувралын энэ удаагийн дугаарт Хүннү Эйр ХХК-ийн Embraer E190 агаарын хөлгийн нисгэгч Х.Энхжин оролцлоо. Түүний хувьд Канад улсын Торонто хотод "Aviations Operations"-н чиглэлээр сурч төгсөөд 2018 онд эх орондоо ирж анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр Монгол Улсын агаарын тээврийн түүхэнд 26 жилийн дараа нислэг үйлдсэн 13 дахь эмэгтэй нисгэгч болсон түүхтэй. 

Нисгэгчээр сурч байх үеэс үлдсэн сургамж? 

Надад тод үлдсэн 2 сургамж байдаг. Нислэгийн нэг багш маань цэргийн нисгэгч байсан, нэлээн хатуу арга барилтай хүн байлаа. Намайг нислэгийн шалгалтад орохын өмнө хол зогсоод өөрийнхөө ажлын талаар чанга, өөртөө итгэлтэй ярьж чадвал шалгалтад оруулна гэж хэлсэн л дээ. Энэ нь надад хийж байгаа зүйлдээ итгэлтэй байхыг зааж өгсөн гэж боддог. 

Бас гэрээ саначихсан, сэтгэл тавгүй байх үед өөр нэг багш маань чухал зүйл хэлж өгсөн юм. Хүний амьдралд юу ч тохиолдож болно, хүн бүр л стресстэй, асуудалтай байгаа. Тиймээс онгоцны хаалгаар орохдоо л асуудлаа ардаа орхиж сураарай гэж хэлсэн. Энэ 2 үгийг би байнга санаж явдаг. 

Одоо ч нислэгийн багш нар, хамт нисэж буй дарга нар маань нислэгийн 2 багийн харилцаа сайн байснаар тухайн нислэг амжилттай болдог гэж хэлдэг. Тиймээс тэр гоё  уур амьсгалыг бүрдүүлж сурах нь чухал. 

Яагаад Монголд ирж ажиллахаар шийдсэн бэ? 

Ковидын өмнө Канадад нисгэгчдийн орон тоо давчихсан байсан. Харин тэр үеэс хойш нисгэгчид дутагдаж эхэлсэн үе байлаа. Гэхдээ надад Монголд ирж ажиллах нь карьерын хувьд өсөж хөгжихөд илүү боломжтой байсан учраас эх орондоо ирэхээр шийдсэн. Монголд ажилласнаар өөр оронд ажиллах боломж хаагдах биш, харин ч улам нэмэгдэнэ гэж бодсон учраас ийм сонголт хийсэн дээ. 

Өөрийн тавьсан зорилгодоо үнэнч, тууштай байвал хүн юуг ч хийх боломжтой гэж би боддог.

Нисгэгчээр ажиллах нөхцөл байдал ямар байдаг вэ? 

Манай хамт олон их залуухан. Тийм болохоор нээлттэй сэтгэж, бие биеэ ойлгож ажилладаг. Харин нислэгт гарахаар дуудагдсан л бол ямар ч шалтгаан хамаагүй байдаг нь сул тал юм болов уу. Гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарсан байна уу, баяр ёслолын үе байна уу гэхчлэн тэр болгон нислэгт хамаардаггүй. 

Хамтран нисгэгч гэдэг утгаараа би нислэгийн үед бусадтай л адил тэгш эрхтэй. Харин нислэгийн бус үед олон ахтай айлын бага охин шиг илүү эрхийг эдэлдэг. Жишээлбэл, хүнд юм зөөлөө гэхэд надаар өргүүлдэггүй. 

Та орлогын хэдэн эх үүсвэртэй вэ?

Одоогоор 1 л эх үүсвэртэй буюу цалингийн орлоготой. Нислэгийн цалин дээр нислэгийн цагийн мөнгө тооцогддог. Тэгэхээр сар бүр би хэр их нислэгтэй байснаас хамаараад цалин харилцан адилгүй байна. Ямар чиглэлд ниссэн, олон улсын нислэг, эсвэл орон нутгийн нислэг үү, томилолтоор явсан уу гэх зэргээс шалтгаалж хэлбэлздэг.  

Та санхүүгээ хэрхэн удирддаг вэ?

Санхүүгээ харьцангуй сайн удирддаг гэж боддог. Ээж аав маань намайг бага байхаас мөнгөө яаж зарцуулж, яаж хадгалах вэ гэдэг мэдлэгийг олгосон. Урсгал зардал, аялал, хадгаламж, хүүхдийн хадгаламж гэх зэргээр орлогоо хадгалж, хуваан зарцуулдаг. 

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ