АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Түгжрэлгүй Улаанбаатар

 

Улаанбаатар хотын түгжрэлийн оргил сар эхэлж, зам дээр хөдөлж байгаагаас хөл л байна даа. Гэснээс Нийслэл замын аюулгүй байдал, цаашлаад түгжрэлийг бууруулахаар Их Британийн TRL-тэй хамтран ажиллахаар болжээ.  

🤖 Түгжрэлийг технологиор шийднэ

Их Британийн 90 гаруй жилийн түүхт тээвэр, дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн, бие даасан судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч TRL буюу Transport Research Laboratory нийслэлтэй түгжрэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр 2 жил хамтран ажиллахаар болоод буй. Ингэхдээ төслийн гол ажил нь Монголд Замын ослын мэдээллийн удирдлагын системийг хөгжүүлж нэвтрүүлэх явдал. 

💡 Яана гэсэн үг билээ? Тус компани нь зүгээр ч нэг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч биш бөгөөд замын хөдөлгөөний удирдлага, хяналт хийх боломжтой программ хангамж нийлүүлдэг гэж байгаа. 

🧾 Гол нь нотолгоотой: TRL-н гаргасан мэдэгдэлд, компани замын цагдаагийн албатай хамтран Монголд зам, тээврээс үүдэлтэй нас баралт, бэртэл гэмтлийн тоог бууруулахаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системийг хөгжүүлж, нэвтрүүлэх зорилготой хэмээсэн байв.

⁉️ Хэд юм бэ? Тус тендерийн үнийн дүн тодорхой зарлагдаагүй ч дэлхийд тэргүүлэгч зам тээврийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийг Монголд авчирна гэдэг нэлээн үнэтэй л туссан байх даа.

🌏 TRL дэлхий даяар 

TRL замын холболт, гэрлэн дохионы загвар, хөдөлгөөний хяналт тэргүүтэй 5 төрлийн бүтээгдэхүүн, цаашлаад тус холболтуудад анализ хийх, илүү үр дүнтэй замын модель гаргах зэрэг 6 төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн компани Их Британи, Энэтхэг, Австрали тэргүүтэй орнуудын замын хөдөлгөөний датанд суурилан замын хөдөлгөөний үр дүнтэй, аюул осол, түгжрэлийг бууруулах программ хангамжийг нэвтрүүлж байсан туршлагатай гэнэ лээ шүү. 

🔎 Мэдэх үү? Монголд 100,000 хүнд ногдох зам, тээврийн холбогдолтой нас баралт 17 байдаг аж. Тиймээс TRL болон засгийн хамтралын эн тэргүүний чиглэл зам, тээврийн осол аваарыг багасгах бөгөөд иргэнд аюул багатай, уулзвар, тойргууд нь зөв зохион байгуулалттай болбол түгжрэл аандаа шийдэгдэж гэж харж байгаа бололтой. 

Эцэст нь… Тус төсөл 2 жил хэрэгжинэ. 2 жилийн дараа Улаанбаатарын түгжрэлийг технологи ч барсангүй дээ гээд сууж байх вий дээ. Муу амлаж байгаа даа биш, энэ хот аль хэдийнээ багтаамжаасаа давсан хүн амтай байгаа нь гол асуудал болчхоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна шүү дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ