Онлайн зээл гэхээр цөөн хэдэн ББСБ, финтек л бодогдож байна уу? Яг энэ зах зээл дээр ББСБ болон арилжааны банкнуудын нөхцөл байдал хэр байна вэ?
🤔 ББСБ-ын 8.6% нь…
Онлайн, хялбар зээлийг зөвхөн ББСБ-аас л авах юм шиг ойлголт бий. Гэхдээ начир дээрээ нийт 521 ББСБ байгаагаас ердөө 45 нь л онлайн зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тиймээс ББСБ-аас зээл авагчдын 86.3% буюу 1.3 сая нь онлайн зээлийн үйлчилгээ нэвтрүүлж буй ББСБ-уудын зээлдэгч байгаа юм. Иймдээ ч цөөн тооны ББСБ-ын зах зээлд эзлэх хувь тэлж байгаа.
💪 Банкнууд ч онлайн: Харин нөгөө талд арилжааны томоохон банкнууд ч бүх төрлийн зээлийг цахимаар олгодог болоод буй. Тухайлбал ХААН Банк (KHAN) л гэхэд хамгийн олон буюу 9 төрлийн онлайн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ.
🛒 Юу юу? ХААН Банкны нэвтрүүлсэн 9 төрлийн онлайн зээлд хэрэглээний зээл хамгийн том байр суурь эзэлж байгаа буюу нийт онлайн зээл олголтынх нь 98%, нийт хэрэглээний зээлийн багцынх нь 70%-ийг тус тус бүрдүүлж буй. Үүнээс гадна бизнес дэмжих буюу ПОС-ын орлого барьцаалсан онлайн зээл, эргэлтийн хөрөнгийн онлайн зээлийг ч олгож байгаа аж.
💭 Ер нь онлайн зээл сонгох нь зөв үү?
Мэдээж ямар нэгэн санхүүгийн асуудлыг хамгийн хурдан, хялбараар шийдэх гарц бол онлайн зээл. Ингэснээр эрсдэл, зээлийн эргэн төлөлт, хүү зэргийг банкны салбар дээр очиж олон төрлийн материал бүрдүүлэхгүйгээр хаанаас ч, хэзээд ч шийдүүлэх боломжтой. Нөгөө талаасаа онлайн зээл нь цаас хэмнэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нөлөөг ч үзүүлж байгаа.
Эцэст нь… Намрын их ажилд санхүүгийн асуудалтай тулгараад онлайн зээл судалж байгаа бол зээлийн нөхцөлийг сайтар нягталж, хүү болон эргэн төлөх нөхцөлүүдийг харьцуулж сонголтоо хийх нь зүйтэй. Онлайн зээл нь хялбар, хурдан ч гэсэн зээлийн эргэн төлөлтөд хатуу хяналт тавигддаг тул хариуцлагатай байхаа мартуузай.